Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай оронд айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканы айлчлал өчигдрөөс эхлэв. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболдтой ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт хийсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ноён Жоу Юнкан нар тодорхой баримт бичигт гарын үсэг зурав.
Хоёр тал эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын ХЗДХЯ-нд 10 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидал зэрэг нийт найман бичиг баримтад гарын үсэг зурсан байна. Үүгээр боловсрол, шинжлэх ухаан, газрын тосны салбарт хамтран ажиллахаар бичиг баримтаа баталгаажууллаа. “Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол барих төслийн I үе шатыг санхүүжүүлэх тухай Монгол Улсын “ЮП групп” ХХК, БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр”-т Монголын талаас “ЮП групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ууганбаяр, Хятадын талаас Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Ругү нар, “Хилтон” зочид буудлын барилгын ажлыг санхүүжүүлэх тухай Монгол Улсын “Стар Стэйтс” ХХК болон БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр”-т Монголын талаас “Стар Стэйнс” ХХК-ийн ерөнхий захирал С.Цацрал, Хятадын талаас Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Ругү нар тус тус гарын үсэг зурсан байна.
Энэ өдөр тэрбээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхсан. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй уулзжээ. Тэрбээр зөвхөн урьсан биш, улс төрийн бусад намынхантай ч уулзахаар төлөвлөсөн юм билээ. Түүний айлчлалын хөт өлб өрт ИЗ-НН-ын С.Оюун, ҮШН-ын Ц.Цолмон нартай уулзах талаар дурджээ. Жоу Юнкан 1942 онд БНХАУ-ын Зянсу мужийн Уси хотод төржээ. 1964 онд ХКН-д элссэн нэгэн юм байна. Бээжингийн Газрын тосны дээд сургуулийн Хайгуул судалгааны факультетийг дүүргэсэн тэрбээр намын ажлаас гадна насаараа уг салбартаа ажиллажээ. Тэрбээр БНХАУ-даа албан тушаалаараа дээрээсээ наймд орох хүн юм билээ.