МАХН, Ц.Шинэбаяр хоёр асуудлаа шийджээ. Үнэндээ Ц.Шинэбаяр ч аль хэдийнэ асуудлыг өөрийнхөөрөө шийдчихээд байсан. Дэд даргын албан тушаалыг өглөө гэхэд намынхан нь итгэж ядаж, “Албан ёсоор шийдээгүй байгаа. Тэр дэд дарга хэвээр. Шинэ байрандаа өрөөг нь бэлтгэсэн” гэх мэтээр “зууралдсан” билээ. Тавьж явуулахгүй байсан журмын нөхдөдөө нөгөөх нь бүр ч хатуухан хариу барьж, “МАХН-ын гишүүнээс татгалзлаа” гэсэн мэдэгдлээ хэвлэлээр цацсан. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр хоёр таарамжгүй болсон, Ерөнхийлөгч асан эрхэм гишүүнийг ашиглаад “жийлээ” гэх мэт элдэв мэдээллийн хариуд түүний барьсан “бэлэг” нь энэ. Үүнийг сонссон МАХН-ынхан орон нутагт ажиллах гэж байснаа больж, Н.Энхбаярын даралт огцом өөрчлөгдөж сандарсан гэнэ лээ. Одоо тэгвэл тэд тайвширчээ. Дургүйд хүчгүй гэгчээр намын дэд дарга хийхгүй, аварч хамгаалахаар тэмцсэн МАХН-аа бүр орхилоо гэсэн Ц.Шинэбаярын шийдвэрийг хүлээн зөвшөөрс өн байна. Ингээд тэд нэг цул байхаа албан ёсоор болив.
Хэвлэлийн хурал ээлжлэн зарлаж, “байлдаж” байсан ч тэр бүхэнд нь Н.Энхбаяр биеэр оролцоогүй. Тэгвэл дээрх хуралдаа МАХН-ын дарга биеэр морилсон юм билээ. Гишүүд нь ч Ц.Шинэбаяр намаас гарсан уу, үгүй юү гэдгийг түүний амнаас сонсохыг шаардаж, намын бүтэц, зохион байгуулалтыг дахин хийх ёстой гэж үзсэн аж. Одоо түүнгүйгээр хэрхэн улс төр хийхээ Н.Энхбаяр тооцоолно. Дэд даргыг нөхөн томилно гэдгээ баасан гаригт болсон хурлын үеэр гишүүддээ дуулгасан гэнэ. Улмаар цаашид хэрхэн ажиллахаа ярилцсан байна.
Мөн орон нутагт илгээх мянгатын дарга нараа томилжээ. Тэд улс төр, нийгэм эдийн засгийн байдлаас гадна намынхаа бодлого үйл ажиллагааг гишүүд, дэмжигчдэдээ сурталчлах, орон нутгийн намын анхан, дунд шатны байгууллагыг зохион байгуулалтад оруулах ажлыг зохицуулах үүрэгтэй юм байна. Мянгатын зохицуулагчдын зарим нь тухайн орон нутгаасаа ирсэн бол зарим нь түр томилолтоор ажиллах илгээлтийн эзэн болох гэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ардчилангуйлал ба МАНАН”, нарийн бичгийн дарга Л.Цог “Хуулийн завхрал ба ёс суртахууны уналт”, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Мөнгөний авдар ба Монгол Улс” сэдвээр тус тус илтгэл тавьж, зохицуулагчдынхаа саналыг сонсчээ.
С.ТУУЛ