АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газраас АН гарч, сөрөг хүчний байр сууриа хадгалах ёстой гэх хүн танай намд цөөнгүй байгаа. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
-Уур амьсгал янз бүр байгаа. Гэхдээ аливаа зүйлд бодитоор хандаж байж шийдвэр гаргах ёстой. АН Засгийн газраас гарах ёстой юу, үгүй юү гэдгийг нийгэм хэрхэн үзэж буйг анзаарах нь чухал. Хамтарснаараа бид улс төрийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн хөгжлийг урагш нь ахиулсан уу гэдгийг зөв дүгнэж байж шийднэ. Манай гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа. Засгийн газраас АН гарах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Ийм зүйл байх ёстой. Нөгөө талаар Засгийн газарт АН байх ёстой гэх нь ч бий. Гол нь эндээс зөв дүгнэлт гаргах учиртай. Ер нь АН улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Ийм нөхцөл өнөөдөр Монголд хэрэгтэй.
-Томоохон ажлуудыг эхл үүлсэн гэх мэтээр хамтарсны давуу тал олон. Нөгөө талаар хамтарсан Засгийн газарт орсноороо АН-ын дүр төрх бүдгэрсэн гэж шүүмжлээд байна шүү дээ?
-АН эрсдэл хүлээж байгааг үгүйсгэхгүй. Гэвч ингэж байж л амжилтад хүрнэ. Хүлээж буй цагт хүрэхийн тулд эрсдлээ үүрэх нь бидний үүрэг. Гэхдээ эрсдэл үүрч байна гээд буруу болгоныг өдөөх, хамгаалж хаацайлах эрх бидэнд байхг үй.
-Намрын чуулган эхлэхэд сарын хугацаа үлдлээ. Энэ чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. АН энэ талаар байр сууриа илэрхийлсэн ч хоёр нам тохиролцоогүй хэвээр байна. Ингэж цаг хожиж байгаад мажоритар тогтолцоогоо аваад үлдэх юм биш биз гэх хардлага нийгэмд байх юм.
-Манай нам 100 хувь пропорциональ тогтолцоотой байх ёстой гэж үзсэн. Гэхдээ бид буулт хийсэн. 50:26 гэсэн хувилбараас 38:38 болж буусан. Ер нь улс төрийн тогтолцоог зөв харж, намуудыг төлөвшүүлж, төрийн хариуцлагыг бий болгох тогтолцоо нь яах аргагүй пропорциональ. Хоёрдугаарт, иргэний санал очсон хуваариа зөв тусна. Гэхдээ энд нэг буруу ойлголт гараад байна.
Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явуулна гэвэл намыг сонгох уу, нэрээр үү гэсэн асуулт гардаг. Энэ бол зөвх өн намыг сонгоё гэсэн хэрэг биш. Нэрсийн жагсаалтад байгаа хүмүүсийг Монгол Улс даяар танилцуулж, намын үнэлэмжийг тогтооно. Улмаар дэмжиж буй нэр дэвшигчээ давхар дугуйлна гэсэн үг. Энэ ойлголт бүрхэг, өрөөсгөл явж байна. Намрын чуулган эхэлмэгц АН энэ талаарх байр сууриа илэрхийлнэ. Бидний байр суурь хэвээр байгаа. УИХ эхлээд сонгуулийн тогтолцоог хэлэлцэж, уг хуулийг баталж байж дараагийн асуудал руу орох ёстой.
-АН доторх нэрсийн жагсаалтаа олон нийтэд ил зарлах юм байж. Гэхдээ уг жагсаалтад мөнгөтэй хүмүүс л багтана гэсэн хардлага байгаа...
-Тийм харалган юм гэж юу байх вэ. Бид яагаад хувь тэнцүүлсэн тогтолцоо руу зүтгээд байгаа юм бэ. Юуны өмнө нам бодлоготой, хариуцлагатай боловсон хүчнээ нэр дэвшүүлэх ёстой гэсэн үүднээс хандаж байна. Тиймээс мөнгөөр “зодсон” нь биш, эсрэгээр илүү танигдсан, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадах хүмүүсийг сонгох болно.
-Танай нам ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ 50 сая төгрөг авч эхэлсэн. Үүнийг дөрөв хувааж авч буй юм билээ. Одоогийн байдлаар уг татварыг хэчнээн хүн төлөөд байна вэ?
-Зарим сонин дээр 300 сая төгрөг авч байгаа гэсэн дэгс мэдээлэл гарсан байна лээ. Нуух юм алга. Өнөөдрийн байдлаар 130 хүн УИХ-д нэр дэвшигчийн татвараа төлсөн.
-Тэд 50 сая төгрөгийг бүтнээр нь төлсөн гэсэн үг үү?
-Татварыг дөрөв хувааж авч байгаа. Эхний 12.5 сая төгрөгөө өгсөн хүний тоо. Энэ бол хандив биш. УИХ-д нэр дэвшигчийн татвар. Намын дүрмээр тодорхойлогддог зүйл. Татвараа төлөх нь нэр дэвшихийг сонирхож байгаа хүмүүсийн үүрэг. Түүнээс биш албадан аваагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
С.ТУУЛ