УИХ-ын 76 гишүүн дотроос ямар нэг цол гуншингүй хүн олох бараг боломжгүй. “Шалдар булдар” заримыг нь орхиод зөвхөн төрийн шагналтнуудыг нь тоолох гэж оролдлоо. Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цолтой түшээ 10 байх юм. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гавьяат хуульч, Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар гавьяат эдийн засагч бол Б.БатЭрдэнэ, Х.Баттулга, Д.Батбаяр нар гавьяат тамирчин, С.Ламбаа Гавьяат багш, Р.Раш гавьяат тээвэрчин, Х.Бадамсүрэн аж үйлдвэрийн гавьяат ажилтан юм билээ. Зүг чигийг заагч “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан түшээгийн тоо 37 хүрчээ. Гавьяат болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтнуудаас энэ цолыг давхар авсан гишүүн бас байгааг анхаарах хэрэгтэй биз. Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын залуу голдуу гишүүн л “одонтнуудын салаа”-нд багтаж амжаагүй явна лээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 19 гишүүн авсан байна. 76 дотроо хамгийн том нь Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Хөдөлмөрийн баатар Р.Раш гуай нар байв.