УИХ-д тасралтгүй сонгогдон төр барилцаж байгаа ганц гишүүн байдаг нь Д.Лүндээжанцан. Түүнийг улстөрч талаас нь хүмүүс мэдэх ч хувь хүнийх нь тухайд тэр бүр “танихгүй”. Тэгвэл эрхэм гишүүн нэлээд хэдэн дууний шүлэг тэрлэсэн юм байна. “Өвөрхангайн дуу”, “Олон нуурын гол”, “Шартын даваа”, “Арвайхээрийн хавар” зэргээр нутаг усандаа хандсан нь түлхүү аж. Түүний шүлгүүдэд Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, гавьяат жүжигчин И.Чулуунхүү, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нар ая хийж, улмаар 2007 онд 15 дуутай “Зангаараа” цомгоо өлгийдөж авсан юм билээ. Юун төлөө олон жил төр түшилцэж яваа билээ, намтар, улс төрийн ажлынхаа талаар ч цөөнгүй ном гаргасан аж. “Нутгийн тухай таталбар”, “Олны минь буян”, “Хэзээ ч бүү шантар” номоо хэвлүүлжээ. Харахад зөөлөн юм шиг атлаа тэр заримдаа ширүүн улстөрч. Гэхдээ их хээгүй, “оддын өвчин”-өөс хол яваа гэдэг юм билээ. Лүндээ даргын утас руу малчин иргэд чөлөөтэй залгаж, саналаа хэлдэг гэсэн шүү.