УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бүрэн эрхээ дуусах хүртэл хоёр л удаа чуулах үлдэв. Гэхдээ ачааны хүндийг сарын дараа эхлэх намрын чуулган үүрэх юм. Жил жилийн намрын чуулганаар улсын төсөв баталж, гишүүдийн идэвх ч сэргэдэг. Мөнгө ярихаар тойрог руугаа чангаах хүсэл нь ундарч, тоо бодох тун ч дуртай болоод ирдэг билээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл дээр ийм тийм барилгын засвар гэх мэтээр нэмсээр зарлагыг гааруулж өгдөг. Энэ хэрээрээ ачаалалтай болдог. Бас удаагийн чуулган Сонгуулийн хуулийг өөрчлөх эсэхийг шийдэх сүүлийн боломж болж буйгаараа онцлог.
Дээрээс нь олны анхааралд байгаа Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг шийднэ. Эдгээр асуудалд онцгойлон анхаарахаа УИХын дарга ч хэлсэн байна лээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, бусад алба, хэлстийн дарга нарыг хүлээн авч уулзан намрын чуулганы бэлтгэлийг хангах үүрэг өгөв. Чуулганаар хэлэлцэх асуудал бүрийг эхлээд УИХ дахь бүлэг, дараа нь Байнгын хороодоор ярьсан байх ёстой. Үүний өмнө Ажлын хэсгүүд хуралдаж, бэлтгэлийг базаана. Тиймээс энэ сарын 15-наас Ажлын хэсгүүд, 20-ноос Байнгын хороод хуралдахаар болсон.
Тэд ачаалал үүрэх намрын чуулганы ажлыг бага боловч хөнгөлж, эмхэлж, цэгцлэх үүрэгтэй. Энэ удаагийн чуулганаар дээр дурдсан ирэх оны улсын төсвөөс гадна Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг батлах юм. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг шийднэ. Тоо бодох цаг үе ирсэн учраас аргагүй. “Бусад” гэсэн ангиллаар орж ирж буй Тавантолгой зэрэг асуудлаас гадна анхаарал татах өөр нэг хууль бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Ийм хоёр ч төслийг УИХ-ын хэсэг гишүүдийн зүгээс өргөн бариад буй.
20 жилд нэг удаа өөрчлөлт хийдэг гэх “эцэг” хуулийг хэрхэн өөрчлөхөөс олон зүйл хамаарна. Мөн Шүүхийн тухай болон Газрын тухай багц хуулийн төсөл бий. УИХын сонгуулийн тухай хуулиас гадна зайлшгүй анхаарах өөр нэг асуудал нь Орон нутгийн сонгуулийн хууль. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад уг асуудал ч бас багтжээ. Хажуугаар нь сандал, суудал тойрсон хэрүүл хийж, цаг алдахгүй бол эдгээр асуудлыг хугацаандаа багтаан шийдэх боломжтой. Гишүүд түрүүчээсээ амралт, зугаалгаа дуусгаад эх орондоо, нийслэлдээ ирж байна. Ирэх сарын 1 гэхэд тэд ирц бүрэн “гозойж” байх ёстой.
С.ТУУЛ