Швед улсын парламентын гишүүд манай улсад айлчилж байна. Тус улсын парламентын гишүүн Олле Торрелль тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр УИХ-ын даргад бараалхжээ. Манай хоёр орны хооронд Парламентын бүлэг байдаггүй аж. Ийм бүлэг байгуулах саналыг төлөөлөгчид тавьсан байна. Энэ саналыг нь УИХ-ын дарга дэмжээд “Зөвхөн Парламент биш Тамгын газар хоорондын харилцааг хөгжүүлэх хэрэгтэй байна” гэжээ. Ноён Олле Торрелль 2006 оноос Шведийн парламентад Социал демократ намыг төлөөлөн сууж буй аж.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын парламентын Гадаад бодлогын болон Зам тээвэр, дэд бүтцийн байнгын хорооны гишүүд ирсэн юм байна. Шведийн парламентын чуулган манай намрын чуулганы нэгэн адил ирэх сард эхлэх гэнэ. Чуулганаа эхэлмэгц тэд Швед, Монголын парламентын бүлэг байгуулах ажлыг нэн тэргүүнд ярилцахаар төлөвлөжээ.
Уг бүлэгт улс төрийн намуудын төлөөллийг оруулахаар төлөвлөснөө ч УИХ-ын даргад танилцуулсан байна. Мөн шведүүд манай улсыг сонирхож буйн шалтгааныг ч дурджээ. Тэрбээр ‘’Монгол Улс өнөөдөр зөвхөн Швед төдийгүй Европын холбооны улсуудын анхаарлыг ихэд татаж байгаа. Монгол Улс дахь ардчилал, шинэчлэлийн үйл явц ихээхэн анхаарал татаж байна” гэжээ. Тус улс ногоон технологийг чухалчилж, байгаль орчныг хамгаалдгаараа алдартай. Энэ салбарт манай улстай хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжилсан байна. УИХ-ын дарга түүний саналыг дэмжжээ.
С.УУЛ