Амралт зугаалга дуусаж, ажил жигдрэх цаг болжээ. Ажлын идэвх сэргэхтэй зэрэгцээд улстөржих синдром ч эхэлсэн. УИХ дотор, Парламентын гадна, дотнох намууд тогоондоо бужигнаж байна. Тэд цаанаа л “соёлтой” улстөржих юм. Төрийн ордонд хэн нэгнийхээ өрөөнд, эсвэл хотоос гадуурх амралтад, бас тохилог рестороны тусгай өрөөнд улс төрийн хороо найруулна. Парламентын гаднах намууд бол яах вэ, үсрээд л хэвлэлээр маргах юм. Улс төрийн ертөнц өөрчлөгджээ. Улс төр хийх моод ч шинэчлэгдсэн байна. 6-7 жилийн өмнөх “гудамжны” улс төр хол явахаа больсон бололтой.
Иргэний хөдөлгөөнүүд хаачив
2005 он. “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” байгуулагдаж, Төрийн ордонд авлигачид, луйварчид суудгийг Сүхбаатарын талбай дээрээс чанга яригчаар зарлаж асан цаг. Тус хөдөлгөөний тэргүүн нь Ж.Батзандан, ерөнхий зохицуулагч нь О.Магнай байлаа. Одоо хэдийнэ танил болсон эдгээр нэр тухайн үед шинэхэн байсан юм. Тэд түшээдийг луйварчнаар нь дуудаж, УИХ, Засгийн газрыг тарахыг шаардаж, Төрийн ордон руу лооль шидэх шинэ улс төрийг эхлүүлсэн.
Бухимдсан иргэд, үнэндээ иргэний хөдөлгөөнийхөн үе үе Сүхбаатарын талбайд жагсаж, Төрийн ордныг гороолдог байв. Тэр үед О.Магнай, Ж.Батзандан нарыг зарим иргэн үнэхээр тэмцэгч гэж харсан. Тэд ч эр зоригтой байж. Уг хөдөлгөөнөөр эхэлсэн гудамжны хэмээх шинэ улс төр араасаа 20 гаруй хөдөлгөөн дагуулсан байдаг. Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг иргэний хөдөлгөөний тоо энэ хүрч байж л дээ. Тэд хэзээ ч эрх баригч, ардчиллыг гуйвуулсан намтай нэг хөнжилд орохгүй, бас нам байгуулахгүй гэдгээ тунхаглаж явсан. 2011 он. Өнөөх олон хөдөлг өөнөөс сураг ч үгүй болов. Тэдэнд юу тохиолдчихов оо. Үүргээ гүйцэтгэж, хувийн сонирхлоо биелүүлээд тарж одсон уу. Эсвэл зүгээр л идэвх нь суларчихсан уу. Аль аль нь байна аа. Гол нь улс төрийн ертөнцөд “цаг агаар” өөрчлөгдсөн. Улс төрийг гудамжнаас хийдэг моод хуучирчээ.
Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн 2008 онд ИХН болчихсон. Иргэний хөдөлгөөн гэдэг холбоо үгийн ард нэр нь дуулдаж явдаг Г.Арслан, Х.Уянгаас эхлээд бусад хүн ч нам бараадаад чимээ алдрав. Үнэндээ олон үйл явдал болжээ. “Цаг агаар”- ын байдлыг өөрчилсөн хүчтэй шуурга 2008 оны сонгуулийн дараа болсноор гудамжны улс төр дууссан байна. Юу болсныг эргэн нэг саная. 2008 оны долдугаар сар. Иргэний хэд хэдэн хөдөлгөөн, Парламентын гаднах зарим нам нэгдэж Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулсан. Сонгуулийн дүнг будлиантуулсныг эсэргүүцэх зорилготой цуглаан байв. О.Магнай тэднийг тэргүүлэн МАХН-ын байр руу дайрсан нь тодхон санагдаж байна. Цуглаан хяналтаас гарч, нийгмийг хамарсан үймээн болж, МАХН-ын байр, ойр хавийнх нь хэд хэдэн байгууллагыг шатааж, тонон дээрэмдэв. Бүр онц байдал зарлалаа.
“Долдугаар сарын 1-ний хэрэг” хэмээх хар хавтас түүхэнд нэгээр нэмэгдэх нь тэр. Нийтийг хамарсан үймээнийг зохион байгуулсан хэргээр иргэний хөдөлгөөнүүдийн “загалмайлсан эцг үүд”-ийг байцааж, хорьж байсныг санаж буй байх. Тэдний зориг хэрхэн мохож байгааг олон түмэн харсан. Энэ явдал иргэний хөдөлгөөнүүдэд хатуу сургамж болж, зүрхийг нь үхүүлжээ. Цаг үеийн шахалт, шаардлагаар тэмцлийн арга хэлбэр, өнгө өөрчлөгдөв.
“Намаа дагавал өлсөхгүй, нараа дагавал даарахгүй”
Одоогийн нөхцөлд нийцүүлэн хэн нэгний зохиосон эл хэлц үгийг иргэний хөдөлгөөнийхөн батлаад өгчээ. Шүүмжилдэг АН-даа Ж.Батзандан, О.Магнай нар элсэж, “үзэн яддаг” байсан МАН-ын батлахыг М.Ичинноров өвөртөлсөн байна. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг нам болгоод улмаар АН, МАН-д орох “гишгүүр” хийжээ. Учрыг нь асуухаар тэд “АН бол олон өнгөтэй нам. Хүний үзэл бодол өөрчлөгдөж болно” гэсэн хариулт өгдөг. Тэдний дараа УИХ-ыг тарахыг шаардаж, АН, МАН-ын амласан 1.5 сая төгрөгийг олгохыг шаардаж явсан Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Х.Уянга эдүгээ ҮШНын генсек болчихсон сууж байна. Юм ингэж өөрчлөгддөг аж.
Үнэндээ иргэний хөдөлгөөнийхнийг хэн нэг “том хүний” захиалгаар жагсаал хийж, овоохон мөнгө өвөртөлдөг гэсэн хардлага байдаг. Дээрх эрхмүүдийн өөрчлөлт үүнийг батлах мэт. Ж.Батзандан олон өнгөтэй намынхаа ҮЗХ-ны гишүүн болсон. Хэдэн ахмадыг удирдаж, Төрийн ордон руу үе үе дайрдаг байсан Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан л ямар нэг намд элсэлгүй, мөрөөрөө сураг алдарчээ. Тэр үеийн “цогтой тэмцэгчид” эдүгээ эрх баригч, эсвэл арай нөлөөтэй гуравдагч хүчний далбаан дор улс төр хийдэг болов. Улс төрийг гудамжнаас биш аль нэг намын нэрийн өмнөөс, бүр Төрийн ордон дотроос хийдэг шинэ моод дэлгэрч байна. Иргэний хөдөлгөөнийхөн нь намд, намынхан нь хөдөлгөөнийхөндөө ууссан саарал улс төр эхлэв. Төрийн тэргүүн байсан Н.Энхбаяр хүртэл иргэний хөдөлгөөнүүдийн “үлдэгдэл”, гуравдагч хүчний жижигчүүлтэй нийлсэн нь үүнийг батална. Саарал улс төрийн үр дүн харин ямар байх бол.
С.ТУУЛ