Завтай хүн байна уу? Малчдын хадуур хангинаж, өвсөн бухлууд сүндэрлэжээ. Хүмүүс алба, амины ажилдаа хичээнгүйлж, хүүхдүүд хичээлдээ гүйгээд, хот хөдөөгүй өвлийн өмнөх улирлыг налайх завгүй угтлаа. Иргэд энэ намрын ургацын болцыг сонирхож, шаргалтан найгах тариан талбай тийш анхаарал хандуулж байна. Айл өрх хятад төмс идэхгүй санаатай, дотоодоосоо нөөшилж зоорилох арга сүвэгчилж байгаа. Улс төрд л харин завтай хүн байх юм. Засгийн газраар оролдсон шиг хэвтэж ээ цаг нөгцөөх нь зугаатай байгаа санж. Үр дүнд нь хүнс нэмэхгүй, хожоо ирдэг юм гэхэд хар толгойноосоо өөр хүнд нэмэргүй, аминчхан зутан зуурах болов.
Хүмүүс 2012 оныг улс төрийн бантангаар угтах дуртай байна гэж үү? “Тун удахгүй Засгийн газар унана. Тэгээд МАН, АН хоёр салсны дараа 2012 оны сонгууль эхэлнэ”. Олон нийтийн зүг иймэрхүү утгатай хиймэл түгшүүрийг дахин хадаах янзтай. Сүржин мэдэгдэл цацаж, анхаарлын төвд ордог даржин тактик хэнийх байдаг нь ч тодорхой болж дээ. Нэр бүхий хүмүүс МАН-д ч, АН-д ч, МАХН-д ч бий. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас сайд нарын танхимын хоёрдугаар ээлжинд санаархагсдын “дайн” өдгөө сунжирч, сонгуулийн пиар болон үргэлжлэх нь тодорхой байх шиг.
Сонгогчдын тархийг угаах гээд тэд гараа зад савандаж суугаа нь дамжиггүй. “МАН энэ сард Бага хурлаа зарлаж, намын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл цацагдав. Үүнтэй зэрэгцүүлэн “АН-ынхан Н.Алтанхуяг даргаа унагана” л гэнэ. Шинэ мэдээлэл агуулаагүй эдгээр “бор шувуу” хэвлэлийн хуудаснаа нисэлдэх нь олширлоо. С.Батболдыг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй нь түнжин муутай байлгах гэсэн “хар муур” тувт гүйх болсон билээ. Нэг л өдөр У.Хүрэлсүх “сэлэм эргүүлнэ” гэсэн улстөржсөн хүлээлт хамтарсан Засгийн газрын ирээдүйг бүрхэг болгосоор ирэв.
У.Хүрэлсүхийг С.Батболдтой гар нийлнэ гэдэгт итгэхийг хүсээгүй хэсгийн дэвшүүлсэн таамаг одоогоор биеллээ олоогүй байна. МАН Бага хурлаараа даргаа огцруулах тухай хэлэлцэх төлөвлөгөөгүй байгааг албаны эх сурвалж нотлов. Харин хамтарсан Засгийн газрын ажлын явц, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. АН-ын хувьд ҮЗХ-ны ээлжит хурлыг энэ сарын 15-нд хийх санал бүхий зарим хэсэг бий бөгөөд тэд Н.Алтанхуягийг огцруулах, Засгийн газрын бүрэлдэхүүнээс АН-аа гаргахаар гарын үсэг цуглуулах гэсэн ч олигтой юм болсонгүй.
АН-ын Ардчилсан хүчний холбоо болон МАХН хамтарсан Засгийн газрыг сөрөх ашиг сонирхлоор нэгдсэн нь мөн л сонгууль хүртэл тэднийг холбох болж байна. Засгийн газраар оролдох зав тэдэнд л байх шиг. Сонгууль хүртэл жил хүрэхгүй хугацаа үлдсэн зурвас үед улстөрчид ч, сонгогчид ч одоогийнхоос илүү хариуцлагатай ажиллаж, амьдрах хэрэгтэй болж байна. Засгийн газрыг шүүмжлэх, эсвэл магтахад бодитой хандах цаг ирлээ гэсэн үг. Тухайлбал, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өнөө хэр бэлэн болгоогүй, эсвэл амалсан хугацаандаа энэ талаарх мэдээллээр Парламентыг хангаагүй Засгийн газарт маш сайн ажиллаж байна гэсэн хоосон магтаал зохихгүй. Нөгөө талаар Засгийн газрын хийсэн ажил болгоныг шүүмжлэлээр нураагаад улс орон хожихгүй.
Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс төр тогтвортой байх нь 2012 оны сонгууль шударга болох үндэс юм. Яг одоо Засгийн газраар оролдох сонирхолтой болоод завтай нэр бүхий улстөрчдийн хувьд сүржин мэдэгдэл цацаж, даржин явдлын “баатар” болох нь чухлаас биш, Таны ажил амьдралд тулгамдаж байгаа зүйлс огт хамаагүй. Тэдний гар хөөстэй байна, болгоомжил.
Б.ЭНХ