Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт гурван асуудал танилцуулжээ. Хуралдааны дараа тэрбээр энэ талаараа мэдээлэл өглөө.
-БНСУ, Монголын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хуралдаанаар танилцуулсан гэсэн. Зээлийн хүү, хугацаа ямар байгаа вэ. Мөн ямар төслүүдийг санхүүжүүлэх юм бол?
-2011-2015 онд 300 сая доллартай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээл олгохоор хоёр тал тохирсон байгаа. Үүнийг Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-ын гурван Байнгын хороогоор оруулах ёстой. Одоогоор уг зээлийн жилийн хүү 0.15 хувь хугацаа нь 35 жил байхаар тохиролцоод байна. Эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Үүнийг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төслийг санхүүжүүлнэ. Төсөл энэ оноос эхэлнэ. Эхний ээлжинд Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах саналыг бид тавьсан. Улмаар Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Жилд 1-2 төсөл хэрэгжүүлнэ. Нэг салбарт нэг л төсөл хэрэгжүүлэх нөхцөл байгаа.
Одоогийн байдлаар Үндэсний оношлогоо, эмчилгээний төв, Холбоо, харилцаа, мэдээллийн нэгдсэн сүлжээний төсөл, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь бүрхсэн 1:25000 масштабтай байрлал зүйн зураг зохиох, нүүрсийг хийжүүлэх замаар цэвэр эрчим хүч гаргах, нүүрс баяжуулах үйлдвэр, Үндэсний төв архивын тоног төхөөрөмж, эмнэлгийн болон бөөний худалдааны төвийн барилга байгууламж гэсэн төсл үүдийг урьдчилсан байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн өнгөрсөн онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа УИХ-аас Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд зээлийн хүүг бууруулах эдийн засгийн зохистой орчин бүрдүүлэх хөтөлбөр баталж хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Тиймээс дээрх байгууллагууд болон арилжааны банкуудын төл өөлөл орсон Ажлын хэсэг өнгөрсөн хоёрдугаар сараас ажиллаад долдугаар сард үндсэн төлөвлөгөөгөө Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр танилцуулсан. Мөн Засгийн газрын хуралдаанд оруулаад дөрвөн байгууллагын дарга нарын гарын үсгийг баталгаажуулъя гэсэн. Уг төлөвлөгөөг 2011-2013 онд хэрэгжүүлнэ. Захиргааны биш эдийн засгийн аргаар зээлийн хүүг бууруулахыг зорьсон. Монгол банкны ирэх гурван жилийн төсөөллийг хавсралтаар баталсан байгаа.
-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ?
-Үр дүн нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний эцэст инфляцаар хэмжигдэнэ. Энэ онд инфляцыг нэг оронтой тоонд, дараа жил найм, 2013 онд таван хувьд хүргэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хоёр жилийн байдлыг харахад зээлийн хүү хадгаламжийнхаас ихээр буурч байгаа. Тиймээс уг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлбэл зээлийн хүү ойрын хугацаанд дорвитой буурна. 2010 оны байдлаар харахад зээлийн жилийн дундаж хүү 2.9 нэгжээр, 2011 онтой харьцуулахад 4.3 хувиар буурсан байна. Ганц Монголбанкны биш Засгийн газрын зүгээс зохицуулалт хийвэл ийм үр дүн гарна.
-Хэд хэдэн хүчин зүйлээс хамаараад энэ оны улсын төсвийн орлого давж биелсэн. Хагас жилийн гүйцэтгэлээр байдал ямар байна вэ?
-Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын тэнцвэрж үүлсэн орлого 926 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөө 124.6 хувь биелсэн байна. Зарлага, санхүүжилтийн тухайд нэг их наяд 868.2 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт тэнцэл 57.8 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Дэлхийн зах зээл дээр манай гол нэр төрлийн ашигт малтмалын үнэ тогтвортой, өндөр байгаатай энэ шууд холбоотой. Мөн бодит эдийн засгийн үзүүлэлт нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулаад татвартай барааны импорт өмнөх оныхоос 105.4 хувиар өссөн. Тиймээс эдийн засгийн байдал сайн байгаа.
Тайлагнах хугацаанд хадгаламжийн тэтгэвэрт 32.7 тэрбум, жирэмсэн болон нярайлсан эхчүүдэд 11.3 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд 25.9 тэрбум, Нийгмийн даатгалын санд татаас болгож 95.3 тэрбум, хөдөлмөр, ажил эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 11.6 тэрбум төгрөг, ЖДҮ-ийг дэмжих сангаас долоон тэрбум, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 4.8 тэрбум, эрчим хүчний үйлдвэрүүдэд 22.1 тэрбум, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 7.6 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс олгосон байна.
Орон нутагт 15.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгч, улсын төсөвт орон нутгаас 48.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Энэ хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд ашигт малтмалын орлогоос 101 тэрбум, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрөөс 121.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, нийт орлого 11.9 хувиар буюу 23.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. “Хүний хөгжил” сангаас иргэдэд 343.7 тэрбум төгрөгийг бэлнээр, оюутны сургалтын тэтгэлэгт зориулж 66.3 тэрбум төгрөгийг олгосон. Энэ бол зургадугаар сарын 31-ний байдлаар гаргасан дүн шүү дээ.
-Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн. Энэ нь арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөхөд нөлөөлөх үү?
-Монголбанкны зүгээс явуулж байгаа мөнгөний бодлого Засгийн газрын сангийн бодлоготой нийцэх албагүй. Төвбанк хариуцсан үүрэгтэй. Засгийн газраас явуулж буй бодлогын хүрээнд бодит эдийн засгаа дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байгаа. Улсын төсөвт тодотгол хийж 300 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Дээрээс нь Засгийн газраас долоо хоног бүр 25 тэрбум төгрөгийн бонд гаргаж арилжиж байгаа. Үүгээр бодит эдийн засгаа дэмжинэ, мөн хүүг бууруулахад эдийн засгийн аргаар хөшүүрэг үзүүлж буй юм. Цаашдаа бондын хүүг бууруулж, хугацааг сунгах бодлого баримтална.
С.ТУУЛ