Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөх нь одоохондоо бүрхэг хэвээр байна. Холимог тогтолцоон дотроо хувь тэнцүүлсэн, эсвэл мажоритар хоёрын аль нь давамгайлахыг намууд анхааралтай ажиглаж буй юм. Шийдвэр хэрхэн гарахаас хамаарч тэд яаж нүүхээ шийднэ. Гэтэл хаврын чуулганы завсарлагаанаар Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг хуралдсангүй. УИХ дахь хоёр намын бүлгээс байгуулсан зөвшилцөх Ажлын хэсэг ч урагштай алхам хийсэнгүй. “Сон гуулийн хуулийн төслийн 95 хувийг шийдчихсэн” гэдэг үгээр сониуч сэтгүүлчдийн амыг таглах гэж хичээсээр сууна. Гэтэл улс төрийн намууд, ер нь энэ тоглоомонд оролцохыг хүсэгчдэд тогтолцооны харьцаа чухал байдаг. Намрын чуулганаар уг асуудлаар зөвшилцөж, хуулийг өөрчлөн батлах гурван сарын хугацаа л бий.
Цаг тулах тусам хуулийг өөрчлөхгүй хэвээр үлдээх вий гэсэн хардлага ч байгаа юм. Сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөхийг намууд харзнаж байгаа ч урьдчилсан төлөвлөгөө, тактикаа боловсруулж суугаа. Гуравдагч хүчнийхэн дотроо арай нэр хүндтэй, нэгэн цагт төр барилцаж явсан ҮШН-ын дотоод хөдөлгөөнийг сонирхоод үзье. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын АН-аас тусгаарлаж байгуулсан тус нам энэ сарын 14-нд их хурлаа хийхээр товлосон. Хэлэлцэх асуудал нь сонгууль руу ханджээ.
Сонгуульд хэрхэн оролцох чиглэл, бүтэц бүрэлдэхүүний талаар ярих юм билээ. Тус намын хувьд нэг зүйл тодорхой байгаа. ҮШН сонгуульд дангаараа орохгүй, аль нэг намтай хамтарна. Үүнийгээ ч удирдлагууд нь удаа дараа мэдэгдэв. Тэгвэл ҮШН-тэй ямар нам түншлэх вэ гэсэн асуулт гарна. Мэдээж их хурал нь болоогүй, шийдвэр гараагүй учраас одоо хэлэх хэцүү. Гэвч дээр хэлсэнчлэн урьдчилсан таамаг бий. АН-тай тангараг тасарч, өрх тусгаарласан учраас тэдэнтэй хамтрахгүй нь мэдээж. Нар баруунаас мандаж, Ц.Элбэгдоржийн хэлсэн “төөрсөн хүүхдүүд төрхөмдөө ирнэ” хэмээх “мэргэ” биелэхгүй л бол шүү дээ.
Олон жилийн өмнөөс ҮШН, Эх орон, БНН нэгдэх, хамтрах яриа гарсан. Энэ яриа нь явсаар 2008 оны сонгуулиар тэд “нэг нэгэндээ шавар хаахгүй байх” зарчим баримтлан оролцсон билээ. Энэ нь нэг намынхаа хүнээ дэвшүүлсэн тойрогт нөгөө хоёр нь давхардаж орохгүй гэсэн агуулгатай байсан юм. Тэгвэл 2012 онд хуучны туршлагаа хэрэгжүүлэх үү. Эх орон гэдэг нам Дээд шүүхэд бүртгэлтэйгээс цаашгүй болж, угаас нэг хүнтэй БНН-ын дуу хоолой алга болсон. Тэгэхээр “байхгүй” намуудтай хамтрах хэцүү л болов уу. Хамгийн боломжтой нэг хувилбар нь МАХН. ҮШН-ын анхны дарга М.Энхсайхан АН-аас тусгаарласныхаа дараанаас л Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж буйгаа ил тод илэрхийлэх болсон. Тухайн үед Н.Энхбаяр Төрийн тэргүүн байсныг уншигчид санаж буй биз.
ҮШН-ынхан Ерөнхийлөгчийн засаглалыг магтан дуулж, Н.Энхбаяртай найзархах болов. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өөрсдийн хувилбараар боловсруулахдаа ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөж, Засгийн газрыг Төрийн тэргүүн удирддаг байх санаа дэвшүүлсэн. Н.Энхбаярын тэргүүлж асан МАХН нэрээ МАН болгон өөрчиллөө. Н.Энхбаяр МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон ч МАХН нэрийг аварч үлдэхийн төлөө тэмцэгчдийн ард байсан нь удахгүй тодорхой болсон. Гуравдагч хүчний зарим нам, иргэний баахан хөдөлгөөнийг нэгтгэж “Тусгаар тогтнол” хэмээх бүлгэм байгуулж баахан “тоглов”.
Энэ бүхэнд ҮШН Н.Энхбаяртай хэзээд хамт явжээ. ҮШН-ын генсек Х.Уянга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нам зөвхөн сонгуульд хамтрах, ялахын төлөө биш, Монголыг хямрал, гацаанаас гаргах улс төрийн цэгцтэй бодлоготой шинэ хүчин, эвслийн төлөө ажиллаж байгаа” гэжээ. МАХН-ыг тойрсон жижиг намууд, хөдөлгөөний нэгдэл өөрсдийгөө “шинэ хүчин” хэмээн нэрлэдэг нь санаанд бууж байна. Тэгээд ч МАХН-тай хамтын ажиллагаа нь шат ахиж байгааг тэр дурдсан байна лээ. Нэг ёсондоо ҮШН-ын сонгуульд хамтрах нам нь МАХН гэсэн гаргалгааг эндээс хийж болж байна. Албан ёсны шийдвэрээ ҮШН энэ сарын 14-нд гаргана.
С.ТУУЛ