Цөмийн хаягдлыг Монголд булах эсэх тухай мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өчигдөр Ерөнхий сайдад асуулга тавив. Олон нийтийг түгшээсэн ийм мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн, УИХ-ын гишүүдээс Засгийн газарт хандан асуулга, асуулт тавьсан ч бодит хариу ирүүлээгүй гэдгийг тэрбээр дурджээ. Гадаад, дотоодын хэвлэлүүдийн тодорхой бус эх сурвалжаас авсан мэдээлэл олон нийтийг түгшээж, сүүлдээ улс төрийн өнгө аяс ч оруулах болсон гэнэ.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа эрх бүхий яам, газрын албан тушаалтнууд цөмийн хаягдлыг Монгол Улсад булах талаар албан бусаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулсан эсэхийг шалган тогтоож байр сууриа илэрхийлэх, Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад Засгийн газар ямар арга хэмжээ авч буйгаа мэдээлэх, асуулгын хариуг хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсчээ.