2008 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг гурван жилийн турш хар хор дагав. Энэхүү хар хорыг сүүдэрт бөртөгнөх цөөн хэдэн улстөрч л тээсээр, тэвэрсээр ирэв. Атгаг санаагаар өлгийдөн тэвэрсэн тэр “хүүхэд” нь хэлд ч орсонгүй, хөлд ч орсонгүй. Өсөж бойжих магадлал ч үгүй бололтой. Үнэндээ бол жирийн ард олны дийлэнх олонх нь энэ Засгийн газрыг дэмжиж байгаа. Хоёр талд гарч суучихаад хэрүүлийн үг чулуудалцаж, нэгнийхээ явах зам дор дарь булах, буланд отож байгаад дэгээдэж унагах арга мэх сүвэгчлэхийн төлөө хамаг цаг заваа барж, улс орны хийгээд иргэн түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлж байгаагаа сая нэг ухаарч, эвлэлдэн зөвшилцөх замыг сонгосон нь үнэхээр нүдээ олжээ гэж тэд үздэг. С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулан, нэгэн зорилгын төлөө нэгдэн зүтгэх санаачилгаа “стандарт бус” гээд нэрлэчихсэн нь үнэндээ оновчгүй томъёолол байлаа. Угтаа бол монголчууд хөгжил дэвшлийн түүхэн цаг үеийн босгон дээр улс төрийн эв эеийг эрхэмлэх шинэ ухааралд хөтөлсөн “шинэ стандарт” байлаа гэж хэлбэл илүү оновчтой болох мэт.
2012 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. “Муу эр дайнд хөөрөх”-ийн үлгэрээр мөнөөхөн сүүдрийн улстөрчид ил гарах гэж ядаж эхлэв. “Хамтарсан Засгийн газраас АН гарах ёстой. Тэгж байж сонгуульд ялна”, “Ерөөсөө энэ Засгийн газрыг огцруулъя. Олигтой ажиллахгүй байна”, “Манай МАН ийм байдалтай сонгуульд оролцвол ялагдана” гэх мэт ойворгон, лут том дүгнэлтүүдийг сүүдэр зүгээс чулуудах боллоо. Тэрнийг нь шүүрч аваад, өргөж харуулахыг өвдөл цөвдөл мэт өчүүхэн зарим хэсэг бусгууд оролдоод байх шиг. Аливаа улс төрийн нам засаг төрийн эрх барих визээ олж авдаг сонгуульд санаа тавих нь зүйн хэрэг. Гэхдээ дээрх дүгнэлтүүд бодит байдлаас хол зөрүүтэй, байнд ч үгүй, банзанд ч үгүй байгаад энэхүү улс төрийн бяцхан этюдийн эмгэнэлт инээдмийн мөн чанар илэрхийлэгдэнэ.
Ардчилсан нам Засгийн газраас гараад сонгуульд ялна гэвэл ёстой гонжийнжоо гээд шулуухан хэлчихье. Хамтарсан Засгийн газрын амжилт ололт бүхэн Засаг барьж үлдсэн МАН-ын л хаяг болж үлдэхийг захын тэнэг ч мэдэж байгаа. “Тэрийг чинь би хийлцсэн юм” гэж хатавчнаас хэчнээн гоншигоноод үгийг чинь хойморт суугаа сонгогчид олж сонсохгүй, сонсохыг ч хүсэхгүй. Нөгөө талаар “Гарман дээр морио сольж болдоггүй” гэж нэг айхтар үг бий. Морио сольчихоод их ус руу орвол живэхийн л цондон. Аянд хамт явж байсан нөхрөө хаячихаад ирсэн хүнийг монголчууд “хүн чанаргүй, мөс муутай, ханилж болохгүй амьтан” гэж үздэг уламжлал цаг үе хэчнээн хувьссан ч хувирахгүй нь лавтай. “Энэ Засгийн газар олигтой ажиллахгүй байна” гэдэг үгийн араас “Би сайд болбол үзүүлээд өгнө” гэсэн гэнэн мөрөөдөл нь цухалзахыг нүдтэй бүхэн харж байна. “Энийгээ өөд нь олигтойхон сүмбэдчихэж чадвал надад олбог суудал олдож юуны магад” гэсэн горьдлого зарим нэгнийг унтуулахгүй байгаа бололтой. “Цээж өвчтэй шинэ баячууд” гэж оношлон нэрлэж болох тэдгээр залуус дэвхрээд буух газраа олж харж байгаа, эсэх нь нэн эргэлзээтэй.
Энэ Засгийн газар өнөөдөр л хийхгүй бол маргааш хожимдож мэдэх эдийн засаг, нийгмийн томоохон ач холбогдолтой хувьсал, шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэх прагматик арга хэмжээнд илүү анхаарал хандуулж байгаа нь уйтгартай байна гэнэ ээ. Хэрүүл уруул хийхийн оронд хийж бүтээхэд анхаарлаа хандуулж, тэр нь үр дүнд хүрэх илэрхий нааштай хандлага ажиглагдаж байгааг улс төр унтаж байна гэж тэд оношилжээ. Улаан, цагаанаа дуудалцах, уралцах маажилцах, энгэр заамаа дэлгэж, элдэв хараал урсгах, шүлс үсэргэхийг улс төр сэрүүн, хөгжил хөдөлгөөнд байна гэж үзэх ёстой юм байна л даа. Дэлхийн улс төрөөс сөргөлдөөн, дайсагналцал улам бүр холдож, эв эе зонхилж, тэр нь барим тавим үр дүнд хүрч байгааг бид харж байна. “Шинэ стандарт” дэлхийн нийтийн чиг баримжаа болоод байгааг төвөггүй ажиглаж болно.
Хамгийн үр дүнтэй, олз омогтой, жишиг болохуйц засаг төр хаана байна вэ гэж хайвал улс төрийн хүчнүүд нь үг хэлээ ололцож, хамтын үйл хэрэг өрнүүлж байгаа улс орнуудаас л олдоно. Норвеги, Швед, Швейцарь, Финланд, Австри, Герман, Канад, Арабын зарим орнуудын бэлээхэн жишээг хэрвээ зориуд нүдээ аньчихаагүй л бол амархаан олж харж болно. Энэ бүхнээс Монголын улс төрийг бужигнуулах гэсэн хорон санаанаас хол явах нь зөв, Монгол газар нутагшиж, идээших гэж ядаж байгаа улс төр, засаглал дахь эв эе буюу С.Баяр, Н.Алтанхуяг, С.Батболд, С.Баярцогт тэргүүтэй зөвийг олж харж чаддаг улстөрчдийн итгэл үнэмшил болсон “шинэ стандартыг” багалзуурдах нь ухран балрахын, ирээдүйг зорьсон их аяны зам дээр гээгдэж хаягдахын уршиг тарих аюултай гэсэн дүгнэлт гарна.
Зөвхөн өнөөдөр ч биш, ерөөсөө ойрын 5-10 жилд Монголын улс төрийн хоёр гол нам хамтраад засгаа баривал бид хөгжил дэвшлийн зам дээр баттай гарч ирж чадах юм байна гэсэн үзэл бодлын үр соёолдгоо соёолчихоод үр жимс нь цэцэглэж байгааг хайхрахгүй өнгөрч болохгүй л болов уу. Саяхан “Сант Маралынхан” нэгэн судалгаа явуулсан нь хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд нийтлэгдсэн. “2012 онд Засгийн газар ямар байх нь дээр вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 50.7 хувь нь “Эвслийн Засгийн газар” гэж хариулсан байна лээ. Тэгэхээр зөвхөн хоёр нам ч биш, улс төрийн бүх хүчнүүд зорилгоо нэгтгээсэй хэмээн хүсэж байгаа хэрэг. Түүнчлэн “Хэвлэл мэдээллээр эрх баригч хоёр намын зарим фракцууд Засгийн газрыг задлахаар эрчимтэй ажиллаж байна гэсэн мэдээлэл ихээхэн гарч байна. Таны бодлоор энэ бодлогын цаана ямар шалтгаан байна вэ” гэж асуухад дийлэнх олонх буюу 45.4 хувь нь “Нам доторх эрх мэдлийн тэмцэл” гэжээ. “Эвслийн түншээ буруутгаж, сонгуульд илүү амжилтад хүрэх санаархал” гэж 37.9 хувь нь хариулсан байхад “Эх орны ирээдүйн төлөө санаа зовсных” гэж ердөө 12.6 хувь нь үзсэн байх жишээтэй.
Энэ мэтээр хамтарсан Засгийн газрыг бутаргах санаархлыг буруушаах үзэл бодол олон нийтэд илт давамгайлж байна. Олон нийт Засгийн газраа хамгаалаад байгаагийн цаад шалтгаан нь юуны өмнө тогтвортой улс төрийг хүсэмжилж байгаагийн илрэл гэж үзэх үндэстэй бөгөөд нөгөө талаар Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнд хүрч, иргэдийн амьжиргаа, улс орны хөгжил дэгжин дээшлэх нөхцөл бүрдэх нь гэсэн итгэл, хүлээлт бодитой оршин байгаагийн илэрхийлэл биз ээ. Ерөөс аль ч цаг үеийн, ямар ч Засгийн газар алга ташуулж амьдардаггүй. Зовлон нь тэр. Бодлого, зорилт, үйл ажиллагааны үр дүн нь будаатай хуурга хийгээд таваглахтай адил амархан гардаггүй. Бэрхшээл нь энэ. Тиймээс зорилго, арга хэмжээг нь олонх дэмжиж сайшааж байна уу, үгүй юү гэдгээр л үйл ажиллагааг нь дэнсэлж болох магадлалтай. Энэ талаас нь аваад үзвэл одоогийн Засгийн газрыг муугүй ажиллаж байна гэж дүгнэх үндэслэл бүрэн бий.
Бараг л 10 шахам жил хэлцэж талцаж, үр дүнг нь өөртөө наах гэж булаалдсан Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, баялгаа хөрөнгө мөнгө болгож хувиргах зорилтыг чухамхүү энэ засгийн өнгөн дээр л ажил хэрэг болгож эхэлсэн. Гэрээ сайн, муу боллоо гэж ярьдаг. Ярих, шүүмжлэх эрх, бүр үүрэг нь олон нийтийнх учраас энэ зөв биз. Муу байгаа бол сайжруулаад цааш явах зам нээлттэй. Хамгийн гол нь мухарт зогсож байсан, замыг нь нээхгүй хаагаад байсан галт тэрэг замдаа гарсан. Харин өнөөдрийн энэ эрх мэдэл булаалдсан харгалдаан Тавантолгойн гэрээг битгий чагталчихаасай билээ. С.Баяраас Засгийн газрын тэргүүний буухиаг авсан С.Батболд ашигт малтмалаа үнэд хүргэхийн тулд Хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишгээр хөгжүүлэх санаачилга дэвшүүлсэн. Үр дүн ч гарч эхэлж байна. “Хоёр толгой” бүрэн хэмжээгээр ашгаа өгч эхлэхээс өмнө Монголын уул уурхайн салбарын олз омог улс орны эдийн засагт мэдэгдэхүйц өгөө- жөө өгч эхэллээ.
2011 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт 14.3 хувьд хүрсэн гэнэ. Оны эцэст хүлээгдэж буй гүйцэтгэлээр 20 хувийг давах магадлалтай гэж байна. Энэ үр дүн мөн үү? Уул уурхайгаас эхтэй, нэ мүү өртөг шингэсэн бүтээг дэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн салбарыг хөгжүү- лэхэд хөрөнгө хэрэгтэй. Өөрийнхөө авдарт байгаа дээр гаднын хөрөнгө оруулалтыг нэмж татахын чухлыг ухаарсан Засгийн газар Хөгжлийн банк байгуулах санаачилга дэвшүүлснээ ажил хэрэг болгов. Стандарт гээч юмыг огт анхаардаггүй, атга гурил, чимх давс, алд урт, төө өндөр гэх мэтийн баримжаа технологитой Монголыг техник, технологийн шинэ эриний чанар, үр дүнд суурилсан хэмжээстэй болгох ёстой гэж С.Батболд зарласан. Монгол чууд стандартад нийцэж ажиллаж, амьдрах ёстой гэдгээ ойлгож эхэллээ. Стандартад нийцсэн ажил үйлчилгээ эр хэлж, брэнд болсон бү- тээгдэхүүн үйлдвэрлэхийн тө- лөө бизнесийнхэн хошуурч, шамдаж эхэллээ. Энэ сайн хэрэг биш гэж үү? XXI зууны хотын монголчууд халуун, хүйтэн устай, гэрэл цахилгаантай байр сууцанд амьдрах ёстой гэж Засгийн газар үзээд Орон сууцны шат дараалсан хөтөлбөр төсөл хэрэгжүүлж байна.
Олон айл өрх тортогт нүүрс, зөөврийн усаа мартсан. Дахиад хэдэн арван мянган айл хотын хамгийн бөглүү, харанхуй гэр хорооллоос будаг нь ханхалсан, шил толь шиг сууцанд нүүж орно. Орон сууц худалдан авах хөрөнгө мөнгийг хөнгөлөлттэй хүү, зээлээр хөшүүрэгдэж байгаа болохоор хэзээ ч паартай байшинд сууж чадахгүй мэт төсөөлж байсан иргэдэд итгэл үнэмшил төрж эхэллээ. Шинэ төмөр замын аварга том төсөл хэрэгжиж эхлэх нь. Өрнө дорно, умард өмнөдийг холбосон энэ ган замаар Монголын эдийн засаг дэлхийтэй холбогдоно. Тэр замаар зөвхөн мөнгө биш, хөгжил дэвшил, шинэ техник, тэргүүний технологи Монгол руу ирнэ.
Монголын ирээдүйг боловсролтой монгол хүн л авч явна. Тиймээс дэлхийд жишиг болсон Кембрижийн хөтөлбөрийг С.Батболд биечлэн хөтөлж авчирсан. Энэ хөтөлбөрөөр хичээллэх сургуульд хүүхдээ сургах гэсэн эцэг эхчүүд сургуулийн үүдэнд хонон өнжин дугаарлаж байгаагаас ичих хэрэггүй. Харин баярлах ёстой. Энэ мэтээр хамгийн ойрын, гарт баригдаж, нүдэнд үзэгдэж буй үр дүнг аваад үзвэл цаана нь иргэн нь боловсролтой, эдийн засаг нь огцом өссөн, дэлхийн тэргүүний техник, технологид суурилсан үйлдвэрлэл хөгжсөн, хүн нь хөгжихийн хэрээр орлого ашиг нь улам улмаар нэмэгдсэн Монголын ирээдүйн дүр зураг харагдахгүй байна гэж үү? Аливааг өөтэй, сүүдэртэй талаас нь биш, өнгөтэй гэгээлэг талаас нь хардаг болцгооё.
Хэрэв тэгж чадвал өнөөгийн Монголд, энэ Засгийн газарт өнгөлөг өөдрөг зүйл зөндөө их байна. Бурууг буруу гэж ил, зөв хэлдэг, сайныг сайн байна гэж урмаар мялааж чаддаг байх нь хүмүүний харилцаа, нийгмийн оюун санааны үнэ цэнэ билээ. Энэхүү нийтлэлээр хэн нэгэнд тал засах гэсэнгүй ээ. Өөдрөг байя, өвөр түрийндээ хөлөө жийлцэхээ больё, бодитой байгаа үр дүнг эрүүл нүдээр харъя, зөвийг хийж байгаа нэгнээ буруутгах, олон нийтийн санаа бодлыг уруу руу ухраах санаархлаа эцэслэе гэж хэлэх л гэсэн юм. Монгол нарны орон. Бүрхэг бүүдгэрээсээ нартай, цэлмэг өдөр олон билээ л. Энэ сайхан уудам дэлгэр нутагт сүүдэр чирсэн сүгийн гэмээр улс төр хэрэггүй ээ.
С.БАТБААТАР