2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ОХУ-ын Ярославль хотын ойролцоо Як-42 онгоц осолдсоны улмаас 43 хүний амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссийн дарга М.Энхболд ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд ноён С.К.Шойгуд цахилгаан утас илгээсэн байна.
Эмгэнэлд “ОХУ-ын Ярославль хотын ойролцоо Як-42 онгоц осолдсоны улмаас олон хүний амь нас эрсдсэн харамсалтай үйл явдал тохиолдсонд Монголын ард түмэн, Монгол Улсын Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.