“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Камерон Мкрэй ийн мэдэгджээ. Монголын улстөрчид Оюутолгойн уул уурхайн нэгэнт батлагдаж, хэрэгжих шатандаа орсон гэрээгээ үгүйсгэж, илүү их ашиг авах шаардлага тавьж асуудал босгоод байгаа нь цаашдаа төвөгтэй байдал үүсгэж болзошгүй боллоо гэж тэрбээр “The Wall Street Journal”-д нийтлүүлсэн мэдэгдэлдээ дурджээ. Нийт долоон тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий Оюутолгойн зэсийн уурхайн төсөл Монголын эдийн засагт олон улсын бизнесийн үүд хаалгыг нээж өгсөн бөгөөд тус улсын Засгийн газар Оюутолгойн гэрээг үзэглэж, хөрөнгө оруулалтын найдвартай байдалд баталгаа гаргасан юм.
Гэтэл Монголын парламентын 20 гаруй гишүүн дээрх гэрээг үгүйсгэж, өөрчлөхийг шаардан, нийгэмд ч эл уур амьсгалыг дэмжих хандлага гарч байгаа нь Оюутолгойн нүсэр төслийг цааш үргэлжлүүлэхэд хэцүү болгож байна хэмээн мистер Камерон Мкрэй мэдэгдэлдээ онцолсон байна. Хэрэв төсөл зогсвол олон монгол хүн ажилгүй болохоос гадна орон нутагт хөгжиж буй бизнес, түүнийг дагасан хөгжил бас зогсоно гэдгийг дээрх улстөрчид бодолцох ёстой. Маш удаан хүлээлгэсэн эдийн засгийн амлалт нь бодитой, үнэн байх ёстой хэмээн уг мэдэгдэлд дурджээ.
Монголд хамгийн хэцүү зүйл бол орон нутгийн эрх баригчид, басхүү улстөрчид нийтийн эрх ашгийн төлөө бус ихэвчлэн амин хувийн чанартай асуудлаар гаднын хөрөнгө оруулагчдыг шалж “шантааж” хийдэг хэмээн “The Wall Street Journal”- д онцолсныг манай эрх баригчдад дуулгах нь зөв байх. “Рио Тинто”-гийн мэдэгдлээс илүү эл тодорхойлолт бидний хувьд тун ч шившигтэй юм. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг өвөг дээдсийн алтан зарчим, амьдралын мөрдлөг өнөө цагийн өнгөн дээр ямар болсныг санхүүгийн хамгийн нөлөө бүхий сэтгүүл дээр тодорхой биччихсэн юм биш үү.
Дээр дурдсан мэдэгдэлдээ Камерон Мкрэй “Монголын улстөрчид илүү харж, билүү долоодгоо болих хэрэгтэй юм. Зөвхөн энэ онд гэхэд л Оюутолгойгоос 220 сая ам.долларын татвар авсан. Мөн төсөл хэрэгжих гэрээг үзэглэсний дараа 700 сая ам.долларын төлбөрийг Монголын Засгийн газарт төлсөн” хэмээн гомдолложээ. Монголд саяхан болж өнгөрсөн “Discover Mongolia” форумд оролцсоныхоо дараа ноён Мкрэй эл мэдэгдлээ хийсэн байна.