Монгол Улсад цөмийн хаягдал булшлах талаар Япон, Америкийн холбогдох хүмүүс нууц хэлэлцээр хийсэн талаар гадна, дотнын хэвлэлээр хэсэг шуугисан. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэргүйгээр энэ талаар хэлэлцээ хийхийг хориглолоо. Тэрбээр Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн ийм зарлиг гаргаж, цөмийн хаягдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өгчээ.
Уг зарлигаар ҮАБЗ-ийн шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглов. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор им портлох, хил дамнуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгов. Ерөнхий сайд С.Батболд уг чиглэлийг хүлээн авч, зарлигт хуулийн дагуу гарын үсгээ зурсан байна.