“Өмгөөлөгчийн эрх хэмжээ, үйл ажиллагааны зохицуулалт” нэртэй олон улсын бага хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Хууль, шүүхийн тогтолцоог шинэчлэх, өөрчлөх тухай Ерөнхийл өгчөөс эхлээд ярьдаг болсон. Шүүхийн тогтолцоо гажуудсанаас иргэдийн эрх ашиг хохирдог, мөрдөн байцаалтын явцад эрхийг нь зөрчдөг гэх мэт шүүмжлэл олон. Энэ асуудлыг нь нийгэм анхааралдаа авсан. Тиймээс шүүгчид, мөрдөн байцаагчдын ёс зүй, шударга ажиллахад анхаарах ёстой хэмээн үзэж буй. Эдгээр асуудал дунд нэг хэсэг хүнийг мартагдаж, орхигдуулаад байдаг аж. Энэ бол тухайн хэрэгт сэжиглэгдсэн хүн, мөрдөн байцаагч, шүүгчдийн дунд ажилладаг өмгөөлөгч. Мөрдөн байцаалтын явцад тэдний эрх ч бас хохирч, хавчигддаг гэнэ. Өчигдөр өмгөөлөгч нар тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, салбарт нь ямар шинэчлэл хэрэгтэй талаар ярилцсан юм.
Зөвхөн шүүх хурал биш, түүнээс өмнөх шатанд өмгөөлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Тэдний эрх хангалттай байдаггүйгээс болоод өмгөөлж буй хүнтэйгээ хамт зодуулсан тохиолдол ч гарсныг оролцогчид ярьж байв. Нөгөө талдаа тэдэнд ч асуудал бий. Ямар нэг хэрэгт орооцолдчихсон хүүгээ өмгөөлүүлэх гэж хоногийн хоолоо хугаслан хэдэн төгрөг олж ирэх эцэг, эхчүүдийг луйварддаг өмгөөлөгч ч цөөн биш. Өндөр хөлс авчихаад алга болдог, чадахгүй хэрнээ заавал ялна гэж худлаа амладаг, ёс зүйгээ умартаж мөнгө хөөсөн хүмүүсийг эгнээнээсээ цэвэрлэх талаар ч хөндсөн юм. Энэ талаар УИХ-ын хуульч мэргэжилтэй гишүүдийн нэг болох Х.Тэмүүжиний байр суурийг сонирхлоо.
Х.Тэмүүжин: Хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна
-Өмгөөлөгчийн эрх хэмжээ хэрхэн дутагдаж байна гэж үздэг вэ?
-Ганц шүүх хурал дээр биш, эрүүгийн хэрэг, шүүхээс өмнөх шатанд өмгөөлөгчийн эрх хэмжээ үнэхээр дутагдалтай байна. Хуульд өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгнө гэж заасан. Гэвч дурын мөрдөн байцаагч тэднийг өрөөнөөсөө хөөгөөд гаргачихдаг. Эсвэл сэжигтнийг өмгөөлөгчгүйгээр байцаачихаад дараа нь л байцаалттай нь танилцуулдаг. Энэ бүхэн өмгөөлөгчийн хэр хэмжээ ямар байгааг батална. Тиймээс зөвхөн шүүх хуралд биш, шүүн таслах үйл ажиллагааны бүх шатанд өмгөөлөгч харилцаж буй хүнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд ямар эрх хэмжээтэй, эрх зүйн ямар баталгаатай байх, түүнд нь халдсан албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх ёстойг илүү тодорхойлох ёстой. Шүүгдэгч, хэрэгт шалгагдаж буй иргэн өмгөөлөгчтэй уулзах орчин нь хангалтгүй байна. Тэдний хоорондын яриа иргэний хуулиар нууцад хамаарах ёстой ч байцаагч гэх мэт хэн дуртай нь хажууд зогсож байдаг.
-Өмгөөлөх салбарт шинэчлэл хийхийн тулд мэдээж хууль эрх зүйг өөрчлөх шаардлагатай. Уг салбарт нь ч бас асуудал бий байх.
-Мэдээж хууль эрх зүйн орчноос гадна хөрөнгө шаардлагатай байна. Арга барилаа ч шинэчлэх нь чухал. Өмгөөлөгчдийн байгууллага ашгийнх мэт болсныг ч засах ёстой. Хариуцлагыг энд мартаж болохгүй.
С.УУЛ