Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож байна. “Тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад цөлжилт, хөрсний бохирдлын асуудлыг авч үзэх нь” сэдэвт өндөр төвшний хуралдааны нээлтийн ажиллагаанд есдүгээр сарын 20-нд оролцлоо.
Манай дэлхийн газар нутгийн дөрөвний нэг нь цөлжих аюулд н эрвэгдэж, жил бүр 12 сая га газар хуурайших болжээ. Цөлжилтөд нэрвэгдсэн нийт газар нутгийн хэмжээ 3.6 тэрбум га-д хүрээд байна. “Өнөө цагийн хамгийн санаа зовоосон асуудлын нэг бол цөлжилт мөн. Энэ бол зөвхөн экологийн төдийгүй эдийн засаг, улс төр, нийгмийн олон сөрөг асуудлыг дагуулж байна. Ялангуяа ядуу буурай амьдралтай хүмүүсийн хувьд хүнд цохилт болдог байна. Мал аж ахуй болон хөдөө аж ахуйгаас бүрэн хамааралтай улс орнуудын хувьд ирэх жилүүд хүнд байх төлөвтэй. Бид аль 1994 онд баталсан Цөлжилтийн эсрэг конвенцийнхоо хэрэгжилтийг эргэж харах хэрэгтэй” гэж Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга Насир Абд аль-Азиз ан-Насерын хэлэв. Тэрээр цөлжилтийг “Аажмаар устгагч” хэмээн НҮБ-ын индэр дээрээс дүгнэсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг сэдвээр болсон дугуй ширээний уулзалтад оролцож үг хэлэхдээ, “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсад бодитойгоор нөл өөлж байгаа. Цөлжилт, хуурайшилтаас болж нөхцөл байдал ямар болж байгааг дүгнэн хэлэлцэж буй нь яг л Монгол орны тухай ярьж байгаа мэт санагдлаа. Учир нь Монголын газар нутгийн 70 орчим хувь нь цөлжиж, хуурайшлаа. Байгальд хамгийн ээлтэй байдлаар аж төрдөг нүүдэлчин монголчууд дэлхийн дулаарал, цөлжилт өд хамгийн их нэрвэгдэж буй ард түмэн болж байна. Олон улсын хэмжээнд цөлжилтийн асуудлаар 10 жилийн өмнөөс эрчимтэй ярьж эхэлсэн боловч үр дүн нь төдийлөн сайн биш байна. Одоо хэлэлцэх биш хийх цаг болсон” гээд НҮБ-ын гишүүн орнуудад хандаж гурван санал дэвшүүллээ.
Монголын говь нь дэлхийн дулаарлаас болж үүсч байгаа цөлжилт хуурайшилтыг судлахад хамгийн тохиромжтой газар учраас говьд хамтарч судалгаа хийх, говь цөлийн бүсийн өвс ургамал, ховор ан амьтдыг хамгаалах зорилгоор төсөл хэрэгжүүлэх, мөн цөлжилттэй тэмцэх Засгийн газар хоорондын байгууллага байгуулах зэрэг санал дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийл өгчийн хэлсэн эдгээр санал цөлжилтөд хамгийн их нэрвэж буй Африкийн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн анхаарлыг ихэд татлаа. Дугуй ширээний ярилцлагын дараа Нигери Улсын Ерөнхийлөгч Доминик Гүүдлак, Намиби Улсын Ерөнхийлөгч Х.Похамба нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг явуулж байгаа үйл ажиллагааны үр дүн, мөн Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналын талаар ярилцаж, санал солилцлоо.
Нээлттэй засаглал түншлэлд Монгол Улс нэгдэв
Нью Йорк хотноо ” Валдорф Асториа”-д есдүгээр сарын 20- нд болсон “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгын нээлтийн ажиллагаа НҮБын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы хүрээнд болж буй анхаарал татсан үйл явдлын нэг байлаа. НҮБын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы үеэр нээлттэй засаглалыг олон улсын төвшинд бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч Б.Обама дэвшүүлэн хэлж байсан нь ийнхүү Түншлэлийн хэмжээнд хүрчээ. “Төр засгийн бодлого шийдвэр ард түмэнд нээлттэй ил тод байх ёстой. Шийдвэр гаргах бүх төвшинд иргэд оролцдог байх ёстой. Авлигаг үй цэвэр тунгалаг төр байх ёстой.
Энэ бүх зорилтыг хангах нь хүний эрх, ардчиллыг баталгаажуулах үндсэн суурь нь юм.” Энэ бол “Нээлттэй засаглалын түншлэл”- ийн гол үзэл санаа. Түншлэлийн удирдах зөвлөлд АНУ, Бразил, Их Британи, Өмнөд Африк, Мексик, Норвег, Индонез, Филиппин зэрэг найман орны Засгийн газар болон иргэний нийгмийн 10 орчим байгууллага багтаж байна. Удирдах зөвлөлийг 2011 онд АНУ, Бразил Улс даргалж байгаа. Түншлэлд нэгдэх боломжтой орнуудын жагсаалт гаргасан бөгөөд жагсаалтад төр засгийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад иргэдийн оролцоог хангах, төсөв, мэдээлэл болон төрийн өндөр албан тушаалтны орлогыг нээлттэй, ил тод байлгах гэсэн дөрвөн үндсэн шалгуурыг хангаж байгаа гэж үнэлэгдсэн 79 орон, түүний дотор Монгол Улс багтсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АНУын Ерөнхийлөгч Б.Обама урилга ирүүлсний дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү арга хэмжээнд оролцов. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Бразилийн Ерөнхийл өгч Д.Руссоф, Индонезийн Ерөнхийлөгч Сусило Банбан Иодхоёоно, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон, Канадын Ерөнхий сайд С.Харпер, Филиппиний Ерөнхийлөгч Г.Арроёо нарын зэрэг төр засгийн тэргүүн оролцсон. Төр засгийн тэргүүнүүд “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгаас гаргасан Тунхаглалд гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түншлэлийн бусад гишүүн орны төр засгийн тэргүүнтэй уулзаж, санал солилцсон.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид сайн засаглалын үндэс суурь болсон иргэний оролцооны асуудалд онцгойлон анхаарч энэ чиглэлд амжилттай ажиллаж, засаглалыг нээлттэй хяналттай байлгах бодлого хэрэгжүүлж, авлигын эсрэг тууштай тэмцдэг зэрэгт нь талархаж, улс орондоо хэрэгжүүлдэг эдгээр бодлого нь олон улсын хэмжээнд үр дүнтэй хэрэгжихэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.