УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ оны 05 тоот захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан юм. УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөллийг оруул сан 40 хүнтэй Ажлын хэс гийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ахалж буй. Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Ажлын хэсгийнхэн УИХын даргыг оролцуулан хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 10 гаруй зүйл, хэсгийн талаар санал солилцож ярилцсан юм байна. Түүнээс хойш хуралдаагүй бололтой.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тавдугаарт байгаа. “Эцэг” хуулийн шууд сонгох, хотын эрх зүйн үндэс, засаг захиргааны үндсэн нэгжийн удирдлагыг сонгох, томилох зэрэгтэй холбоотой зүйл, хэсэгт өөрчлөлт оруулахаар тохирчээ. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг, хоёр, хорин дөрөвдүгээр зүйлийн нэг, хорин есдүгээр зүйлийн нэг, тавин долдугаар зүйлийн нэг, хоёр, гурав, тавин есдүгээр зүйлийн хоёр, гурав, жардугаар зүйлийн нэг, хоёр, жаран хоёрдугаар зүйлийн нэг, жаран гуравдугаар зүйлийн гурав дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар тохирч төсөл бэлэн болсон сурагтай байна.
Одоо төслийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлж санал авах л үлджээ. Төслийг баталснаар сум, дүүргийн Засаг даргыг иргэд нь сонгодог болж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилох босоо тогтолцоонд шил жих юм байна. Хорин есдүгээр зүй лийн нэг дэх хэсэгт өөрчлөлт оруулснаар Засгийн газрын бүрэлдэх үүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх юм. Үндсэн хуулийн 57, 59, 60, 62, 63 дугаар зүйлийн зарим хэсэгт өөрчлөлт оруулснаар Дархан, Эрдэнэтийн хотын стату сыг сэргээх боломж бүрдэх аж.
Дашрамд дурдахад, Орхон аймгийн иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 76.6 хувь нь хотынхоо статусыг сэргээхийн төлөө байгаа юм билээ. Төсөлд өгөх Ерөнхийлөгч, Засгийн газрын санал удаашрахгүй бол ээлжит чуулганаар төслийг хэлэлцэн батлах боломжтой гэж Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар үзэж байна. “Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг сахин хангасан байх ёстой” гэж УИХ-ын дарга захирамждаа тодотгожээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэн ч хал дашгүй амин сүнс болсон гол үзэл баримтлал, үндсэн бүтэц, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарласан байдаг. Тухайлбал, хүний үндсэн эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ардчилсан ёс, шударга ёсыг сахих, хууль дээдлэх, Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд нутаг дэвсгэр нь зөвхөн засаг, захиргааны нэгжид хуваагдах, засгийн бүх эрх мэдэл, ард түмний мэдэлд байх, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч олон хэвшил бүхий эдийн засагтай байх, монгол хэл төрийн албаны ёсны хэл мөн болох, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах зэрэг 25 зүйл, хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон юм.
Го.ЭНХТӨР