УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хаврын чуулганы сүүлчээр гацаанд оруулж үлдээсэн. Ирэх сарын 3-нд нээлтээ хийх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын гуравдугаарт төслийг үргэлж лүүлэн хэлэлцэхээр төлөвлөөд байгаа ч дарааллын дагуу хэлэлцэгдэх эсэх нь тодорхойгүй. Учир нь УИХ-д суудалтай намууд өнөөдрийг хүртэл зарим асуудлаар зөвшилцөлд хүрээгүй байгаа юм. Пропорциональ, мажоритар хувилбарын аль нь давамгайлсан байх, намын жагсаалтад нэр нь багтсан горилогч мажоритарын тойрогт давхар нэр дэвших эсэх зэрэг цөөн хэдэн зүйл заалтаар тохиролцоонд хүрч амжаагүй байна.
Олонд төдийлэн ил болоогүй ч МАН, АН-ын зөвшилцөлд хүрч чадаагүй нэг зүйл нь орон нутаг, УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах эсэх тухай юм байна. АН-ын хувьд хоёр сонгуулийг зэрэг явуулах байр суурьтай байгаа аж. Энэ нь зардал хэмнэхээс гадна ажил цалгардуулахгүй, монголчуудыг байсхийгээд л улс төржүүлэхгүй байх сайн талтай. Жил ирэх тусам сонгогчдын ирц буурах болсон нь улс төрөөс залхсантай холбоотой. Бид нэг жил хүрэхгүй хугацаанд гурван ч сонгууль хийдэг. Ирэх жилийн зургадугаар сарын сүүлийн ням гаригт УИХын, намар нь орон нутгийн, дараа оных нь зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуультай. Энэ бүхнээс үнэндээ иргэд залхах болсноо нуудаггүй. Эх, адаггүй ийн улс төржих болсноос хүний амь эрсдэх явдал ч мэр сэр гардаг юм билээ.
Саяхан биднийг Баянхонгор аймагт ажиллах үеэр нэгэн эмгэнэлтэй хэргийн тухай дуулсан. Нэгэн гэр бүлийн хоёр МАН, АНыг тус бүртээ дэмждэг байж. 2008 оны сонгуулиар тэр гэр бүлийнхэн аль намын хэнд санал өгөхөөс болж маргалдсан юм байх. Маргаан даамжирч нөхөр нь эхнэрийнхээ амийг егүүтгэсэн тухай харамсалтай явдлын тухай иргэд ярьж байна билээ. Сонгуулиас болж нөхөр нь эхнэрийнхээ аминд хүрч чадаж байгаа юм чинь зодоон цохиондоо тулах бол юу ч биш болж таарах нь. Үзэл бодлоороо монголчууд ингэж “алалцахдаа” тулжээ. Энэ мэт байдлыг намжаах нэг зүйл бол олон сонгуулийг цөөлж, орон нутаг, УИХ-ын сон гуулийг хамтад нь явуулах асуудал юм.
Өөр өөр хуультай байж болох ч тов нь нэг өдөр байхад ямар ч асуудалгүй мэт харагдаж байна. Төсөвт ч хэмнэлттэй байх нь яавч тодорхой бус уу. Гэтэл МАН-ынхан УИХ, орон нутгийн сон гуулийг зэрэг явуулахаас татгалзаж байгаагийн учрыг АН-ынхан ойлгохгүй байгаа аж. “Ийм учраас бид тийм байр суурьтай байгаа юм” гэсэн зүйлийн талаар МАН-ын удирдлага өнөөдрийг хүртэл тайлбар хийгээгүй байна. АН-ынхан сонгуулийг зэрэг явуулахын төлөө байгаа юм билээ. Энэ санаагаа МАН-д илэрхийлсэн ч тодорхой хариу сонсоогүй бололтой. Орон нутаг,УИХ-ын сонгуу лийг зэрэг явуулахын төлөө МАН-аас идэвхтэй санаачилга гаргахыг олон нийт хүсэж байгаа гэдэгт найдаж байна.
Э.ТӨР