УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах Ажлын хэсгийнхэн боловсруулсан төсөлдөө санал авахаар өчигдөр Засгийн газарт хүргүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын ахалсан 40 хүнтэй Ажлын хэсгийн 22 нь УИХ-ын гишүүн. Тэднээс гадна Д.Энхбат нарын 15 гишүүн, Д.Дамба-Очир нар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлаад байсан юм. Эдгээрийг нэгтгэжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг тандах зорилгоор УИХын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран олон нийтээс санал авах ажлыг энэ оны гуравдугаар сарын 1-20-ны хооронд зохион байгуулсан аж.
Мөн Тамгын газарт нийслэл, 21 аймгаас 38603 санал бичгээр болон и-мэйлээр, Төрийн байгуулалтын байнгын хорооны нэр дээр 121 иргэн, www.parliament.mn цахим хуудсанд 114 иргэн саналаа бичгээр ирүүлсэн байна. Нийтдээ 38800 гаруй иргэний саналыг нэгтгэхэд 20455 нь буюу 52.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Ажын хэсгийн хэрэгцээнд шаардлагатай зарим мэдээллийг тодруулах хүрээнд Үндсэн хуулийг баталснаас хойш хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар өдөр тутмын сонинуудад гарсан нийтлэл, өгүүлэлд дүгнэлт хийлгүүлэхээр УИХ-ын Тамгын газарт захиалга өгч ажиллажээ.
Тодорхой зарим сэдвээр бусад орны Үндсэн хуулийн зохицуулалтыг харьцуулсан түүвэр судалгаа хийж ажилласан тухай төслийн танилцуулгад өгүүлжээ. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөхгүйгээр зарим зохицууллатыг тодотгон сайжруулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн төслийг боловсруулснаа Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар тодотгожээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Нэгдүгээр зүйл
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дараахь өгүүлбэр нэмсүгэй: “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно.”
Хоёрдугаар зүйл
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “мэдээлэл,” гэсний дараа “Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын хүсэлтийн” гэж нэмсүгэй.
Гуравдугаар зүйл
Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:
1/Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:
“2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага, төсөв, аж ахуйн, эдэлбэр газар, оршин суугч хүн ам бүхий төвлөрсөн суурин газар мөн. Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын тоо, байршил болон тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ”
2/Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2. Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж, дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга тухайн Хуралтай зөвшилцөн тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Сумын Засаг даргыг тухайн суманд байнга оршин суугч иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гарган дөрвөн жилийн хугацаагааар сонгож, аймгийн Засаг дарга бүхэн эрхийг нь хүлээн зөвшөөрч шийдвэр гаргана. Сум, дүүргийн Засаг дарга хуулиар тогтоосон шаардлагыг хангасан этгээдийг тухайн шатны Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн баг, хорооны Засаг даргаар томилно.”
Дөрөвдүгээр зүйл
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “76” гэснийг “99” гэж өөрчилсүгэй.
Тавдугаар зүйл
Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Го.ЭНХТӨР