2004-2008 оны УИХ хуульд өөрчлөлт оруулж 2012 оноос Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулахаар болсон. Гэтэл МАН-аас сонгуулийг тусад нь явуулах санал гаргажээ. Энэ асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлэг байр суурийн зөрүүтэй байгаа юм. Зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Х.Тэмүүжин: МАН ялж сурсан луйврын аргаа хэрэглэх гэж байна
-УИХ, Орон нутгийн сонгуулийг нэгтгэж явуулах ёстой. Нэгдүгээрт зардал хэмнэх сайн талтай. Сүүлийн үед Орон нутгийн сонгуулийг Үндсэн хууль зөрчиж явуулдаг болсон. Сонгогчдын ирц хүрдэггүй. Тэгэхээр нь нэрсийн жагсаалтаас зарим сонгогчийг хасаж ирц бүрдүүлдэг болсон. МАН зохион байгуулалтайгаар, сонгуульд ялдаг луйврын аргаа хэрэглэхийн тулд л Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах гэж байна гэх бодол төрж байна. МАН-д санал өгдөггүй сонгогчдод сонгуулийн үнэмлэх тараадаггүй шүү дээ. Тийм л сонирхол харагдаж байгаа.
Д.Очирбат: Орон нутгийн бие даасан байдал сулрах аюултай
-Хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь маш буруу шийдвэр болсон. Аливаа сонгуульд хөрөнгө гаргах нь төрийн үүрэг. Хөрөнгө хэмнэнэ гээд сонгуулиудыг нэгэн зэрэг явуулах нь төр хүчгүйдэх нэг шалтгаан болно. УИХын сонгууль бол маш хариуцлагатай. Тийм учраас аль нэг сонгуультай давхардуулах нь буруу. Тэгвэл бөөн бужигнаан болно. Орон нутгийн бие даасан байдал суларна. Орон нутгийн өөрөө удирдах ёсны төв байгууллагыг УИХ-ын сонгуультай хутгаж хэрхэвч болохгүй. Ийм хариуцлагатай сонголтыг тус тусад нь хийх нь зөв. АН, МАН-д буруу зөвийг өгмөөргүй байна. МАН сонгуулийг луйвардах гэж байна гэдэг ойлголтоос салах цаг болсон. Ард түмэндээ хүрч ажилладаг хүмүүсийг сонгогчид сонгодог. Ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй. Луйвар хийдэг хүмүүст хатуу хариуцлага тооцдог байх ёстой. Унасан бөхөд шалтаг мундаггүй гэсэн байдлаар АН асуудалд хандмааргүй байна.
З.Энхболд: Сонгуулийг зэрэг явуулбал монголчууд бага улстөржинө
-Америкт бүх сонгууль нэг өдөр болдог. Хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй. Цөөхөн сонгууль болдог учраас иргэд нь бага улстөрждөг. Ингэснээр олон зүйл цэгцэрдэг. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, Орон нутгийн, багийн Засаг даргын гэсэн дөрвөн сонгуулийг дөрвөн жилд бид явуулдаг. Манайх шиг шинэчлэл хийж байгаа орнууд олон сонгуулиа нэг зэрэг явуулдаг болсон. Болгар улс Ерөнхийлөгч, Парламент, орон нутгийн сонгуулиа нэг хуулиар явуулдаг. Энэ нь Европын холбооны стандартад нийцдэг юм билээ. Олон сонгуулийг луйвардаад байдаг учраас нэг өдөр явуулж байгаа хэрэг.
Ингэснээр хяналтын зардал гурав дахин багасаж, бүх зүйл стандартын дагуу болж байгаа юм. Сонгогчдод ч төвөг болохгүй. Нэг жилд гурван сонгууль өгч байгаа нь сонгогчдыг залхахад хүргэдэг юм билээ. Ирц хүрдэггүй. Энэ бүхнийг харгалзаж үзээд УИХ, Орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулахаар өмнөх УИХ хуульчилсан. МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж магадгүй учраас Орон нутгийн сонгуульд ялна гэсэн улс төрийн тооцоо хийж байна. Ялах, ялагдах нь хамаагүй. Энэ улсад шударга ёс тогтоох хэрэгтэй.