УИХ-ын нэр бүхий гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлснийхээ төлөө олон улсын хэвлэлээр шуналтайгаараа дуудуулжээ. Үүнд тэд ихэд бухимдав. Эд бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлж өөрчлөхийг Засгийн газраас шаардсан нэр бүхий 20 гишүүн. С.Эрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд, Н.Батбаяр, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ш.Сайхансамбуу нар бусдыгаа төлөөлөн өчигдөр сэтгүүлчдэд тайлбар хийв. УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтад “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш Оюутолгойгоос Монголын төрийн эзлэх хувийг 50-д хүргэнэ” гэсэн. Анхны хөрөнгө оруулалтыг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 4000 доллар байхад 4.8 жил, 6000 доллар бол 2.8 жил, 9000 доллар байхад хоёр жилд багтаан нөхөж болно гэж тооцжээ.
Гэтэл Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг Засгийн газар 30 жилээр байгуулсан. Үүнээс нааш төрийн эзэмшлийг 50 хувьд хүргэх боломжгүй болчихсоныг тэд эсэргүүцсэн юм. Энэ алдаагаа аравдугаар сарын 1-ний дотор зас гэсэн шаардлагыг Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн. Тэгтэл Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрей тэдний шаардлагад Засгийн газрын өмнөөс дур мэдэн хариу өгчихжээ. Тэрбээр энэ сарын 12-нд Австралийн “The Australian” сонинд “Монголын улстөрчид битгий шуналт” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Ингэснээрээ Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөл болсон УИХ-ын хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрхэд халдсан гэж дээрх гишүүд мэдэгдлээ.
Тэд дээрх эрхэмд нээлттэй захидал илгээж, байр сууриа илэрхийлжээ. Үүндээ сонгуулийн шоу хийгээгүй, Засгийн газар УИХ-ын 57 дугаар тогтоолыг биел үүлээгүй учир Оюутолгойн гэрээг анхнаас нь эсэргүүцэж, засахыг шаардсан гэжээ. Мөн бодит байдлыг гуйвуулан хэвлэлийг худалдан авч, худал тайлбар өгч буйд харамсаж байна гэжээ. Ноён Камерон Макрей эрхэм гишүүдийг сонгуулийн шоу хийж байна гэсэнд ч тэд “гомдсон” байна. Татварын тогтолцоогоо байнга шинэчилж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжиж ирснээ хэлжээ
Харин ч бүр 68 хувийн татварыг тэглэж, үүнийг орлуулсан нөөцийн төлбөрийн татварыг авахг үй байгаа юм. “Рио Тинто”-гийнхон “Хойноос ирээд хот, хотонд ирээд хонь минийх” гэсэн увайгүй зан гаргаж байна гэсэн байна. Энэ талаар гишүүн Д.Ганхуяг “Хэрэв хувийн ашиг сонирхлоор “Рио Тинто”-д хандсан хүн байгаа юм бол зарлахыг шаардаж байна” гэлээ. Мөн Б.Бат-Эрдэнэ “Рио Тинто”-гийн хувьд бид цөөн харагдаж болно. Гэхдээ бид Монголын ард түмнийг төлөөлж байгаа” хэмээн онцолсон. “Энэ компани юу болчихоод УИХын гишүүдийг “Битгий шуналт” гэдэг юм. Оюутолгой Монголынх байхад баялгийн эзэд яахаараа 34 хувийг нь авах гэж. Орон нутгийн иргэд ядаж 50:50 хувиар гэрээ хийж болоогүй юм уу гэж байна.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бол манай хуулийг мөрдөх ёстой. Дураараа дургина гэж байхгүй. Өчигдөрхөн “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз”-д эзлэх 19 хувийн хувьцаагаа 49 болгож нэмэх арилжаа хийсэн байна. Хувьцааг нь 73 сая доллараар авчээ. Монголын өмчийг эзнээс нь асуулгүйгээр олон улсын хөрөнгийн бирж дээр ингэж худалдаж байна. Засгийн газар уг асуудалд эрүүлээр хандаж, монголчуудынхаа эрх ашгийг хамгаална гэж найдна” хэмээн Н.Батбаяр ярив. Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулахдаа эхлээд ТЭЗҮ-г гаргаагүй, анхны бичиг баримтыг төрөлх хэл дээрээ хийх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, англи хэл дээр хийсэн гэх мэтээр олон зөрчил гаргасныг Ц.Даваасүрэн дурдсан. Мөн анхны хөрөнгө оруулалт 2.4 тэрбум байснаа одоо долоон тэрбум доллар болж өссөний учрыг УИХ-аас Ажлын хэсэг томилон шалгах ёстой гэлээ.
Анхны томоохон төслөө зөв эхлүүлж байж стратегийн бусад ордыг эргэлтэд оруулах боломжтой гэж тэд үзэж байна. Засгийн газар гэрээ хийхдээ Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 30 жилээр байгуулснаа тайлбарласан. Энэ тухайд “Хууль эрх зүйн орчныг өөрчилж хийх боломж байсан” гэж байна. Засгийн газар дээрх асуудлаар хэлэлцээ хийх тухай бичгийг хөрөнгө оруулагчдад илгээсэн. Үүнийг эрхэм гишүүд хангалттай хариу гэж үзэхгүй байна. “Бид аравдугаар сарын 1-ний дотор алдаагаа залруулахыг шаардсан. Энэ хугацаа болоогүй байна” гэсэн юм. Мөн “Оюутолгойн ордод төрийн эзэмших хувь 50 болбол Хүний хөгжил санд орох эх үүсвэр нэмэгдэнэ. Тэр хэрээр ард түмэнд хуваарилах мөнгө өснө. Түүнээс нэмж орж ирэх мөнгийг бид, эсвэл Засгийн газар, өөр хэн нэгэн хүртэхгүй” хэмээн онцоллоо.
С.УУЛ