Өчигдөр та твиттерээ шалгав уу. Монголчуудыг “бүү шуналт” хэмээсэн “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч Камерон Макрейн үгээр гарчигласан “The Australian” сонины сэтгүүлч Пол Гарвейн нийтлэл алдаатайг нотолсон текстийг твиттер, фэйс бүүкээр дамжуулсан байна. Гэвч энэ сарын 12-нд цахим ертөнцөөр цацагдсан уг нийтлэлийн гол мессеж хүрсний дараачаар сая л нэг юм гарчгийг нь солиулсан нь энэ аж. Доторх агуулга нь хэвээрээ шүү. Энэ талаар “Оюутолгой” ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Гол учир нь УИХ-ын нэр бүхий 20 гишүүний гомдолд хариу барьж буй аж. Тэд “The Australian” сонины нийтлэлийг иш болгож, Оюутолгойн удирдлагуудад хандан “Битгий давар” гэх ухааны мэдэгдэл хийснийг бид өчигдөр мэдээлсэн.
Үйл явдлын дараалал ерөнхийдөө ойлгомжтой. Мон голын Засгийн газар “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлж өөрчлөх талаар ярьж эхэлснийг “Оюутолгой” ХХКийн ерөнхийлөгч К.Макрей шүүмжилж, “Discover Mongolia”-гийн үеэр тайлбар хийж л дээ. Тэрбээр “Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байна. Гэхдээ энэ итгэл нь хууль эрх зүйн тогтвортой байдлыг шаарддаг. Ийм төрлийн гэрээнд өөрчлөлт оруулах нь гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал, ирээдүйн төлвийн талаар сөрөг дохио өгч болзошгүй” гэх утгатай зүйл ярьжээ. Яг үнэндээ шунал гэдэг үг унагаагүй юм билээ. К.Макрейн эл үгийг “The Australian” сонины сэтгүүлч өлгөн авч, дээрх нийтлэлээ бичихдээ шунал гэдэг үгээр хачирлан нийтлэлээ гарчиглажээ. Үүнийг манай УИХ-ын гишүүд сонсоод, учиргүй гомдож, үүний хариуд А.Мөнхбат мэдэгдэл хийж буй нь энэ.
Тэрбээр “Нэр бүхий 20 гишүүн К.Макрейд нээлттэй захидал илгээсэн байна лээ. Бид захидалтай танилцаад зохих хариуг нь удахгүй илгээнэ. Манай К.Макрей монголчуудыг, УИХ-ын гишүүдийг шуналтай гэж хэлэх хүн биш. Тухайн сэтгүүлч андуу ташаа нийтлэл бичсэнийг илрүүлж, бид гарчгийг нь солиулсан” гэв. Үнэн эсэх нь тодорхойгүй мэдээллийг манай УИХ-ын гишүүд шүүрч аваад мэдэгдэл хийдэг, захидал илгээдэг, үүнийх нь хариуд “Оюутолгой”-н удирдлагууд хариу захидал цоохорлож суугаа нь үнэндээ хөгийн л санагдаж байна. Тэднийг захидал чулуудалцаж суух хооронд олборлолтоо ч эхлээгүй, дэлхийн зэсийн хамгийн том орд Оюутолгойг тойрсон, хариулт нэхсэн асуулт цоожтой авдарт байсаар л байгаа.
Баяжмалын эхний ачилт эхлэхээс өмнө 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан нь яагаад 7.0 тэрбум ам.доллар болж нэмэгдэв?, Оюутолгойгоос Монголын төрийн эзлэх хувийг 50 хувьд хүргэж болох уу?, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөж бай гаа нь ордын цаашдын хувь заяанд эерэг, сөрөг ямар байдлаар нөлөөлөх вэ гэх асуултын хариу өнөө хэр тодорхойгүй л байгаа шүү дээ. Нэгэнт нүүр тулсных “Оюутолгой” ХХК-ийн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат эдгээр асуултад товчхон хариулахдаа “Оюутолгойд Монголын төрийн эзлэх хувь 34 гэж байгаа ч үүн дээр нөөц ашигласны төлбөр таван хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар нийлээд 25 хувийг авна. Эдгээрийг нэмэхэд л Монгол улсын төр 64 хувийн ашиг хүртэнэ шүү дээ.
Төрийн эзлэх хувийг 50 хувьд хүргэвэл бүр 80 хувь болох нь” гэлээ. Энэ л дуулиан тарьсан “шунал” гэх үгтэй холбоотой аж. “Оюутолгой”-н удирдлагууд нэр бүхий 20 гишүүний нээлттэй захидалд ямар хариу өгөхөөс үйл явдал цаашид хэрхэн хөврөх нь хамаарах биз. Харин “The Australian” сонины Пол Гарвей Монгол Улсад түүний нийтлэлийн гарчгаас үүдэж ямархан дуулиан дэгдээд байгааг мэдээ болов уу. Шунал гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэдгийг томъёолсны дараа л түүний бичсэн зүйл үнэн, эсэхийг шүүе.
Ж.ТЭГШЖАРГАЛ