АН-ынхан өчигдөр Төрийн ордноос “Эдийн засгийн хувьсгал”-д уриалав. Үнэндээ энэ хувьсгал хэдийнэ эхэлсэн гэнэ. Манай улс уул уурхайн баялгаа ашиглаж эхэлснээр дэлхийн анхаарлын төвд ороод буй. Энэ хэрээр улсын орлого нэмэгдэж, эдийн засаг өсөж байгаа нааштай үзүүлэлтүүд харагддаг. Гэтэл ажилгүйдэл, ядуурал байсаар, баян, ядуугийн ялгаа эрс нэмэгдэж, импортын хэмжээ экспортоос илүү байсаар байгаа. Тиймээс эдийн засгийн хувьсгал хийх ёстой хэмээн тус намынхан үзжээ. Хувь хүндээ хүрээгүй, айл өрхийн амьдрал сайжраагүй бол эдийн засгийн хөгжил биш гэлээ. “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” сэдэвт арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болж, АН-ын олон зуун гишүүн, УИХ-д сонгогдсон түшээд, удирдлага нь цугласан юм. Энэ үеэр АНын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьж, “Хүний хөгжилтэй холбогддоггүй эдийн засгийг өөрчлөх цаг болсон.
Манай улсын хүн амын дундаж наслалт 67.5 байгаа нь хөгжилтэй орныхоос 20 насаар доогуур байна. Хэрэв эдийн засгийн хувьсгал хийвэл дундаж наслалт 20-иор, боловсролын төвшин гурав дахин, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ найман хувиар өсөх болно” гэлээ. Нэг ёсондоо эдийн засгийн хувьсгалаас ийм үр дүн хүлээж буй юм байна. Хүний хөгжлийн үзүүлэлтээр манай улс нэлээд доогуур оржээ. БНСУ, Япон, Казахстан, АНУ дэлхийд энэ үзүүлэлтээрээ тэрг үүлдэг. Тиймээс эдийн засгийн хувьсгал хийж, хүнээ хөгжүүлснээр эдгээр улсын энд хүрэх ёстой болжээ. Ийм зорилгоор АН “Монгол хүн 2020” хэмээх эрүүл, аюулгүй орчинтой, эрдэм боловсролтой гэх мэт таван чиглэлээр орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж буй гэнэ.
15 аймагт өрнөсөн хэлэлцүүлэг нь энэ өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт болж байгаа. Иргэдийн санал бодлыг сонсож, дээрх чиглэлүүдийг боловсруулснаар тухайн аймаг, орон нутагт тулгамдсан ямар асуудал байгааг тодорхойлж шийдэх боломж бүрдэх гэнэ. Н.Алтанхуяг “Данхар төрийн бүтцийг цомхтгож, төрийг халамжлагч биш төлөвл өгч болгох хэрэгтэй. Хамгийн гол нь эдийн засгийн хувьсгалын үр дүнд монгол хүний амьдрал сайжирсан байх ёстой” гэлээ. Хувьсгалыг хэрхэн хийхийг ард түмний саналаар тодорхойлох учиртай аж. Мөн тус намын гишүүн Б.Баабар илтгэл тавьсан.
Тэрбээр улсын орлого нэмэгдэхийн хэрээр иргэдэд мөнгө тарааснаар бэлэнчлэх сэтгэлгээг бий болгохыг санууллаа. “Миний сарын орлогыг төр өгөөд байвал надад ажил хийх хүсэл төрөхгүй шүү дээ. Гэхдээ улсыг хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Үүнийг олох ганц эх үүсвэр нь уул уурхай биш. Мал аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Сайн засаглал, зөв менежменттэй байж хувьсгалыг хийнэ” гэлээ. Эдийн засгийн хувьсгалыг орон нутагт хэрхэн хийж буйгаа Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь сонирхуулав. Улсын төсвийг царайчлалгүйгээр хувийн хэвшлийнхэнтэй хамтраад хэрхэн хийж, бүтээж болдог туршлагаасаа тэр хуваалцлаа.
С.ТУУЛ