ИЗ-НН-аас 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 200 мянган иргэнд захидал илгээж эхэлжээ. “200 мянган захидал” нэртэй уг арга хэмжээнийхээ талаар тус намын дарга Д.Энхбат, дэд дарга С.Оюун, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү нар өчигдөр мэдээлэл хийлээ. Хэдийгээр Дээд шүүх ИЗ-НН-ыг албан ёсоор бүртгээгүй ч тэдний үйл ажиллагаа үргэлжилж байгааг энэ арга хэмжээ илэрхийлэх гэнэ. Бүртгэлийн газраар дамжуулан тэд 200 мянган иргэнтэй харилцах хаягийг авч, өчигдрөөс захидлаа илгээж буй юм байна. “Одоогийн эрх баригчид төр удирдах чадваргүй болж, улс нийгмийг мухардалд орууллаа. Тиймээс Монголын улс төрд цэвэр, эрүүл улс төрийн хүчин байгуулах зорилгоор ИЗ-НН нэгдсэн. Иргэдийн хүсэл зоригийг нэгтгэж, ирж буй цагийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээтэй хөл нийлүүлэн алхаж чадах шударга улс төрийн хүчин хэрэгтэй” хэмээн тэд захидалдаа онцолжээ.
Мөн иргэн бүр тулгамдсан асуудлаа бие даан шийддэг, оролцогч болж чаддаг, иргэний засаглалыг хамтдаа бүтээхийг уриалжээ. Энэ талаарх саналаа хариу болгон илгээхийг хүссэн байна. Орон нутгийн иргэдэд захидлаа “Монгол шуудан” компаниар дамжуулан хүргэх бол цахим хаягтай иргэдэд шууд явуулж байгаа аж. Үүнээс гадна Дээд шүүх, бүртгэл тойрсон асуудлаар байр сууриа тэд илэрхийлэв. Хоёр нам нэгдэх их хурлаа өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд хийсэн ч таван сарын турш Дээд шүүх бүртгээгүй байгаа юм. Дээд шүүх НН-ын үйл ажиллагаа зогссон, дараа нь ИЗН-д нэгдсэн асуудлыг хоёр тусдаа шийдэх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Уг нь бол нэг л үйл явц учир салгаж шийдэхгүй гэдгийг хуульчид ч хэлж буй гэнэ.
ИЗ-НН-ын дарга Д.Энхбат “Энэ хоёр хурлын хооронд хэдэн ч сарын зайтай байж болно гээд байгаа. НН-ын үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гарлаа гэж бодъё. Дараагийн хурал болтол НН, түүний гишүүд хаана харьяалагдах, энэ намаас УИХ-д сонгогдсон гишүүн би яах вэ гэсэн асуулт гарна. Тиймээс бид энэ асуудлаар орон даяар нийт гишүүнийхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн дүүргүүдэд хэлэлцүүлэг эхэлсэн. Үүний дараа бид дараагийн алхмаа тодорхойлно. Мөн Дээд шүүхийнхэнтэй уулзана” гэлээ. ИЗ-НН-ын дэд дарга С.Оюун “Манай ИЗН өмнө нь таван ч намтай нэгдэж байсан.
Хамгийн сүүлд 2008 оны хавар Монголын үндэсний эв нэгдлийн намтай нэгдсэн. Тэд үйл ажиллагаагаа зогсоож, манай намд нэгдэх шийдвэр, материалаа Дээд шүүхэд хүргүүлээд л асуудалгүй бүртгэсэн. Гэтэл одоо болохоор хоёр удаагийн процедураар шийднэ гэж байна. Улс төрийн намын тухай хууль 2005 оныхоос өөрчлөгдөөгүй, бид хуулийн хүрээнд л материалаа бүрдүүлсэн” гэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү “Өмнө нь зүгээр л бүртгээд байсан, одоо ингэж удаж буй нь ИЗ-НН моодонд орсныг илтгэж буй юм байлгүй” хэмээн хошигнов. Бүртгэхгүй удаж байгаагийн ард улс төрийн шалтгаан үгүй байгаасай гэж хүсэж буйгаа ч тэд илэрхийллээ.
С.УУЛ