Намрын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон нь АН, МАН-ыг сөргөлдүүлэх бас нэгэн шалтгаан болоод байна. 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын сонгуулийн жилийн аравдугаар сард явуулдаг байсан орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийдэг байхаар болсон юм. Намрын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулахаар болоод байгаа. Ингэснээр 2008 оны өөрчлөлтийг хүчингүй болгох гэж байгаа аж. Энэ санаачилгыг МАН-аас гаргажээ. Намрын чуулганыг халууруулж, гацааж магадгүй сэдвийн нэг нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн энэ заалт болохыг баттай эх сурвалжууд үгүйсгэсэнгүй.
АН-ын хувьд 2008 оны өөрчлөлтийг хэвээр нь хадгалахын төлөө тууштай зогсоно гэдгээ мэдэгдэж байгаа. Зардал чирэгдэл ихтэй, сонгогчдын идэвх сул, ирц бүрддэггүй зэрэг шалтгааны улмаас Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийхээр болсон нь хэнд ч ойлгомжтой билээ. 2008 онд хуульд өөрчлөлт оруулахад МАХН (одоогийн МАН) хамгийн олон суудалтай нам байв. Мэдээж МАН-ын хүчин чармайлт, бодит шалтгааны улмаас хуулийг өөрчилс өн нь тодорхой. Гэтэл МАН өнөөдөр бий болгосон дэвшлээсээ ухрах болсон нь харамсалтай. Орон нутгийн сонгуулийг УИХын сонгуулиас тусад нь явуулж ирсэн нь зөв байгаагүйг сонгогчид мэддэг. Тэдэнд ч залхуутай байдгаас жил ирэх бүр орон нутгийн сонгуулийн ирц буурсаар ирсэн. Тухайлбал, 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан, Баянз үрх, Чингэлтэй дүүрэгт сонгогчдын ирц хүрээгүйгээс дахин сонгууль бөөн маргаантай болж байв.
Ер нь ирц байнга буурсаар ирсэн нь иргэдийг залхаасан олон сонгуультай шууд холбоотой нь тодорхой юм. Сонгуулийн зардал ч жил ирэх бүр хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэх болсон зэргээс үзвэл УИХ, орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах шаардлага байхгүй юм. МАН-ын энэ алхмыг АН-ынхан орон нутгийн сонгуулийг луйвардаж, ялж сурсан аргаа МАН хэрэглэхийн тулд сонгуулийг ямар ч үнээр хамаагүй тусад нь явуулахаар улайрч байна хэмээн тайлбарлаж байгаа юм билээ.
2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 8.2 дахь хэсгийг “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” хэмээн өөрчилж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр хуульчилсан юм. Намрын чуулганаар хуулийн энэ заалтыг МАН-ын бүлгийн саналаар “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байна” гэж өөрчлөх төсөл бэлэн болжээ. Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй. Хэлэлцэх тохиолдолд эсэргүүцэл болгож завсарлага авна гэдгээ АНын удирдлага мэдэгдээд байна.
Э.ТӨР