Өнөөдөр аравдугаар сарын 1. Дараа оны төсвийг энэ өдрөөс өмнө өргөн барьдаг хуультай. Энэ дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж 2012 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Ерөнхий сайд С.Батболд ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан” болон “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэрж үүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.4 хувь, нийт зарлага 7.1 их наяд буюу ДНБ-ий 39.5 хувь байхаар төсөлд тусгажээ.
2012 оны төсөв хөгжлийн шинэ гараан дээр ирсэн манай улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг хангах замаар монгол хүнээ ажилтай, орлоготой болгоход чиглэж байгааг, сонгуулийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн төсөв гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлов. 2012 оны сүүл гэхэд нэг монгол хүнд ногдох ДНБий хэмжээг 5362 долларт хүрэхээр тооцжээ. Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт энэ зорилтот хэмжээ 5000 доллар байхаар төлөвлөөд байсан юм. ДНБ-ий алдагдал 2011 онд 9.9 хувьтай байсныг 2012 онд хоёр дахин буурч 4.1 хувьтай байхаар тооцоолсон байна.
2012 оны төсвийн төслийг өргөн барьсаны дараа хамтарсан Засгийн газрын тэргүүн С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх, хүний хөгжилд суурилсан эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх, нийслэл болон орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр 2012 оны төсвийн бодлогын гол зорилтыг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцоллоо. 2012 оны төсвийн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг даваа гаригийн дугаар уншина уу.
Э.ТӨР