УИХ-ын намрын чуулган өчигдөр эхэллээ. Тарж одсон гишүүд цуглаж, Төрийн ордон хөлд дарагдав. Ойрд уулзаагүй гишүүд мэндээ мэдэлцэнэ, сэтгүүлчдэд ч хэн яаж өөрчлөгдсөн, хэн чуулганы нээлтдээ ирсэнгүй вэ гэдэг нь сонин байсан биз. 82.9 хувийн ирц бүрдэхэд УИХын чуулганы танхимд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар орж ирсэн байлаа. Намрын чуулганы нээлтэд нэр бүхий 20 гишүүн “бэлэгтэй” иржээ. Тэд бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг Зас гийн газраас шаардаж, энэ сарын 1 хүртэл хугацаа өгсөн гишүүд юм. Эдгээр гишүүн урдаа “Засгийн газар Оюутолгойн гэрээг яаралтай зас” гэсэн бичигтэй цаас тавьсан байлаа. Түүн дээр Засгийн газарт олгосон хугацаагаа бас сануулжээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцгой ачаалалтай ажиллах тул “шалдар булдар” асуудал хөөцөлдөх цаг үгүйг са нуулсан. Ирэх оны улсын төсөв, Тавантолгойн гэрээ, Сонгуулийн хууль гэх мэт цаг хугацаатай уралдсан олон чухал шийдвэрийг уг чуулган гаргах үүрэг хүлээж байгаа. Тиймээс ч дээрх сануулгыг дарга нь онцлон өгсөн биз. УИХ-ын даргын үгэнд Оюутолгойн асуудал ч багтсан байв Тэрбээр “Оюутолгойн гэрээг батлахаас өмнө чиглэл болгосон 57 дугаар тогтоолыг УИХ баталсан. Үүнийгээ биел үүлэх ёстой гэсэн байр суурийг баримтална. Засгийн газартай гэрээ хийсэн тал үүнийг мэдэж байгаа. Тиймээс ч манай төрийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хоёр тал энэ талаар ул суурьтай ярих байх.
Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын тал Оюутолгойн 50 хувийг эзэмших шаардлага зарчмын бөгөөд шударга гэж үзэж байна” гэв. Түүнийг ингэж хэлэхэд асуудал хөндсөн хэдэн гишүүн алгаа ташиж харагдсан. Мөн Сонгуулийн хуулийг яаралтай баталж, мөнгөний эрхшээлд зохион байгуулдгийг халах хэрэгтэй хэмээн УИХ-ын дарга онцолно лээ. Тэрбээр “Мөнгөн амлалтаар өрсөлдөхгүй байхаар улс төрийн намууд санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнийг Сонгуулийн хуульд тусгаж, баталгаажуулах ёстой” гээд амаргүй, ажил ихтэй, хариуцлагатай чуулган байхыг гишүүддээ санууллаа. Хэн орон нутагт хамгийн их ажилласан бэ УИХ-ын гишүүдийг хараад энэ асуултын хариуг тааж болохоор байлаа.
Н.Батбаяр, Г.Батхүү нар бов бор болчихож. УИХ-ын дэд дарга борлосныхоо шалтгааныг “Тойрогтоо ажиллаж байгаад урд шөнө л ирлээ” хэмээн тайлбарласан. Н.Батбаяр бол дээр дурдсан 20 гишүүний нэг. Тэдгээр гишүүн хэд хоногийн өмнө “Рио Тинто”-д гомдсоноо мэдэгдэх үеэр Н.Батбаяр “Би саяхан Архангайгаас ирлээ. Энэ хэвлэлийн хуралд суучихаад буцаад явна” гэж байсан юм. Хөх тэнгэрээ шүтэж, гал тахих болсон түүнийг бөө болсон гэсэн мэдээлэл ч тарсан. Нэг хэсэг тэрбээр үсээ ургуулсан нь ч олны анхаарлыг татсан биз. Тэгвэл намрын чуулганд тэрбээр гэзэггүй болоод ирсэн байв. Харин түүний орыг залгах гэсэн мэт Р.Гончигдорж үсээ урт гэгч нь ургуулжээ. Эрхэм гишүүн хаврын чуулганы үеэр л үсээ ургуулж хойш нь самнаад байсан юм. Тэгвэл одоо бүр боочихсон явна лээ. 67 гишүүн цуглав Намрын чуулган нээх үед ирц 82.9 хувьтай байсан ч УИХ-ын дарга үгээ хэлээд дуусахад 88.2 хувь болж нэмэгдэв. Ц.Мөнх-Оргил тэргүүтэн хоцорч ирэв.
УИХ-ын гишүүд зөвхөн нээлт, хаалт, төсөв хэлэлцэх, хэн нэг сайдыг огцруулахад л ийн олноороо цугладаг. Ердийн үед 40 гаруй гишүүн л хуралдаа суудаг юм. Зунжин завсарлаад гишүүд ажлаа “санажээ”. АН-ынхнаас Батж.Батбаяр, Л.Болд нар гадаадад яваа бол Л.Гүндалайг тасалснаар бүртгэсэн байна. МАН-аас Ц.Дашдорж орон нутагт ажиллаж байгаа бол Д.Загджав, Э.Мөнх-Очир, Д.Дамба-Очир нар тасалжээ. УИХ-аар улс орны нийтлэг эрх ашигт хамаатай чухал асуудал ярихгүй л бол үйл ажиллагаанд нь оролцохгүй хэмээн мэдэгдсэн Ц.Шинэбаяр гишүүн ч байсангүй. Тамгын газраас гаргасан ирцийн мэдээллээр эрхэм гишүүн өвчтэй байгаа аж.
С.ТУУЛ