2009 оны тавдугаар сарын 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар (тэр үеийн нэрээр) Н.Энхбаярыг улиран сонгогдоно гэдэгт МАХН итгэлтэй байсан нь лавтай. Чухам үүний тулд АН-ын нэр дэвшигчийг “үзэшгүй” муухайгаар доромжилсон. Нас дээр гарсан ижийнхээ энгэрт нулимс дуслуулан наалдах Ц.Элбэгдоржийг хараад сонгогчид бараг эргэчихсэн гэнэ билээ. Н.Энхбаяр тэгэхэд аавынхаа нутаг Архангайд Ц.Элбэгдоржоос дөрөв орчим хувиар бага санал авсан байдаг. Гэхдээ л аймгуудын дүнгээр Н.Энхбаяр өрсөлдөгчөөсөө хоёр гаруй хувийн саналаар тэргүүлж явжээ. Бага зөрүү хэдий ч энэ нь Н.Энхбаяр, С.Баяр, У.Хүрэлсүх нарт горьдлого төрүүлсэн хэвээр байв.
Нийслэлд харин тооллогын дүн саатлаа. Хөл, хэл ам ихтэй газар угаасаа тийм л байдаг.Улаанбаатарт Элбэгдорж илүүрхээд эхлэв. УИХ-д томилсон гишүүн нь Төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа нөхцөлд чингэлтэйчүүд урьдын сонголтоо баталгаажуулах гэх нь хэнд ч тодорхой билээ. Энэ нь ч нэр төрийн хэрэг байсан бөгөөд Ц.Элбэгдоржийн ялалтад нөлөөлөх саналыг Чингэлтэй дүүргийн сонгогчид өгчээ. Ингээд улсын нэгдсэн дүн гарахад 41770 саналын илүүгээр АН-ын нэр дэвшигч ялсан юм. Энэ бол маргах аргагүй зүйл байв. Н.Энхбаяр, С.Баяр, У.Хүрэлсүх нар ч тохой нийлүүлж суугаад ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хэд хоногийн дараачаас экс Ерөнхийлөгч эргэлзэж эхэлжээ.
Монгол төрийн бүхий л өндөрлөгт завсаргүй есөн жил суусан хүнд гэртээ гиюүрч хэвтэх нь утгагүй санагдаа ч биз. УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшмээр байна гэж С.Баярыг хоёр ч удаа гэртээ дуудаж уулзахад нь “Та амарсан нь дээр байх аа” л гэж. Намын даргаа янз бүрийн аргаар “шантаажлах” гэж оролдсон нь С.Баярын шазруун занг бүр ч хөдөлгөж орхив. Нам нэрээ сольсон 26 дугаар их хурлын орой Н.Энхбаяр нэгэн бодол тээж гэртээ харилаа. “Шат шатны шүүгчдийг би ерөнхийд нь томилсон. Агтны хариу жилдээ” гэж бодож өнжсөн гэх. Ард түмний амьдралын үнэнийг мэдрэхийн тулд хамгаалагчдаасаа бултаж таксигаар хүртэл үйлчлүүлж үзсэн гэж байгаа. МАХН нэрний төлөө үзээд алдвал болмоор санагдаж эхэлжээ. Ингээд л моодноос гарахаас нь өмнө брэнд барааны сурталчилгааг идэвхжүүлэв. Одоо “МАХН”-аар гангарч байна, Н.Энхбаяр.
АН, МАН, Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ХОРЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Улсын дээд шүүхээс энэ нэрийг авах хуулийн ямар ч боломж байх учиргүй гэж МАН-ынхан мэдэгддэг нь үнэний ортой юм билээ. Тэдний ажиллуулсан нэртэй хуульчдаас бүрдсэн баг ч ийм дүгнэлттэй байгаа. Н.Энхбаяр санасандаа хүрч чадсан. УДШ-ийн энэ шийдвэрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нөлөөлсөн гэж МАН-ынхан бас харддаг. Нийгэмд ингэж харагдуулах нь экс Ерөнхийлөгчийн бас нэг зорилго байжээ. Намынх нь гол өрсөлдөгч намыг ялагдуулахад МАХН гэдэг намыг байлгах ёстой. Үүнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л чадна гэсэн ойлголт төрүүлэх нь Н.Энхбаярт ашигтай. Угаасаа ч логик нь тэгж таарч байгаа юм. Энэ холбоосыг таслахгүйн тулд дахин нэг алхам хийх шаардлагатай учраас холбоотон хэрэгтэй болж Н.Энхбаяр М.Энхсайханд ханджээ. Тэрбээр ингэж ярьсан байх магадлалтай. “МАХН гэдэг нэрийг би авч чадлаа. Миний хүчээр бус гол дайсан МАНыг ялахын тулд МАХН гэдэг нам төрүүлэх нь АН-д ашигтай. Ийм шийдвэрийг Ц.Элбэгдорж л гаргуулж чадна гэж олон нийт ойлгохоос өөр замгүй.
Та нар ҮШН нэрээр сонгуульд амжилт олохгүй. Харин МҮАН байгуулбал илүү найдвартай. МАХН нэрийг өгөхөд би оролцоогүй гэдгээ батлахын тулд МҮАН нэрийг өгүүлэхийн төлөө Ц.Элбэгдорж хөдөлж таарна. Хардлагаас салахын тулд Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлөх магадлалтай. МҮАН нэрийг өгөх боломжгүй гэвэл Элбэгдорж эвгүй байдалд орно. МҮАН, МАХН нэрээр сонгуульд орох тохиолдолд АН, МАН-аас санал орж ирнэ. Нэрээ соль”. Хашрууд ийн ярьсан байхыг үгүйсгэхгүй. Ийм тооцооллоор АН, МАН, Ц.Элбэгдоржийг хорлохыг хүсчээ. Үүний дараагаар яригдсан бас нэг зүйл нь эвсэл байгуулах тухай байж болно. МҮАН гэрчилгээгээ авчихвал НН-тай “НН. МАХН, МҮАН”-ын эвсэл байгуулна. Тэгсэн тохиолдолд саналын хуудасны гуравдугаарт бичигдэнэ. МАХН, МҮАН гэдэг нэр маш олон хүний “сэтгэл-зүрхэнд” хоногшиж, нүдэнд дасал болсон байх учиртайг, танил үгийн үнэ цэнийг алдуулахгүйн тулд нүдэнд харагдах газар байрлуулах ёстойг Н.Энхбаяр тооцоолоогүй байх учиргүй.
ИЗ-НН-ын удирдлагын зарим хүн ч Н.Энхбаяртай эвсэл байгуулахаас татгалзахгүй гэдгээ хэлж байна. ИЗ-НН-ыг өнөө хэр тодорхойгүй шалтгаанаар бүртгэж аваагүй явдлыг эх сурвалжууд дээр өгүүлсэн гаргалгаагаар тайлбарлаж байгаа юм. Бөөн бөөн асуудалтай МАХН-д гэрчилгээг нь төвөггүй өгсөн атлаа бичиг баримтын үл ялих зөрчилтэй ИЗ-НН-ыг бүртгэхээс өнөө хүртэл татгалзаад байгаа нь улс төрийн хүрээнийхэнд ингэж харагдаж байгаа юм. Үйл явдлын өрнөл, үргэлжлэл хэнд ч ийм л сэтгэгдэл үлдээжээ.
МАХН НЭР НЭГ САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ГЭВ ҮҮ?
Н.Энхбаяр маш их мөнгөөр хөдөлж байгаа гэдгийг улс төрийн дээд хүрээнийхэн хэлээд байгаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн амнаас ч ийм утгай үг унасан санагдана. Цоо шинэ, улс төрийн отгон хүчин гэх МАХН-аас гаргаж байгаа тоймгүй зардлууд ч нэгийг хэлдэг. МАХН-ыг байгуулахад дөрвөн сая ам. доллар зарцуулсан гэж хардаж явдгаа нэгэн намын дэд дарга хэлж байв. Түүнээсээ МАХН нэр авах, ИЗ-НН-ыг бүртгүүлэхгүй байх төлөөсөнд нэг сая ногоон зарцуулсан байх магадлалтай гэх хүн ч байгаа. Гэхдээ энэ бүхэн батлагдах боломжгүй мэдээлэл гэдгийг хэлэхээс аргагүй.
А.ИХ-УУЛ