Үндэсний шинэ намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр 14.00 цагт хянан хэлэлцсэн юм. Хуралдаанаас тус намын дүрмийн 7, 8, 9, 11, 12 дугаар зүйлд оруулсан өөрчлөлтүүд нь Улс төрийн намын тухай хуульд нийцэж байна гэж үзээд өөрчлөлтүүдийг бүртгэсэн байна. Мөн Үндэсний шинэ нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан нам болгон өөрчлөхийг хүссэн хүсэлтийг хэлэлцээд нэрийн өөрчлөлтийг бүртгэв.
Улс төрийн намуудын улсын бүртгэлд Монгол үндэсний ардчилсан нам буюу МҮАН нэртэй нам байхгүй тул Монгол үндэсний ардчилсан нам гэсэн бүтэн, МҮАН гэсэн товчилсон нэртэй намыг улсын бүртгэлд бүртгэх нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зүйл заалтад харшлахгүй гэж Улсын Дээд шүүх үзжээ.