ХБНГУ-ын Канцлеруудын түүхэнд Ангела Меркель анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буй. Энэхүү айлчлалын хүрээнд Монголын газрын ховор элементийг зах зээлийн үнээр нь худалдан авах гэрээ байгуулах сонирхолтой байгааг ХБНГУ-ын Засгийн газрын албан тушаалтан мэдээлснийг “Bloomberg” уламжиллаа.
ХБНГУ газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд толгой цохих манай оронтой хоёр улсын Засгийн газрын төвшинд гэрээ байгуулж, Монголоос эл элементүүдийг импортлох эрхийг хувийн секторын компаниуддаа олгож чадна гэдэгтээ итгэлтэй байгааг нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан Берлинд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Тухайлбал, инженерингийн салбарт Европт нэг дүгээрт эрэмбэлэгддэг “Siemens” компанид хөдөлгүүр үйлдвэрлэхэд газрын ховор элемент шаардлагатай байгаа аж. Харин хариуд нь Германы компаниуд манай улсын дэд бүтэц, цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах гэнэ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН