Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт, доктор Ражендра Кумар Пачаурийг хүлээн авч уулзлаа. Дэлхий дахинд “ногоон эдийн засагч” хэмээн танигдсан нэрт эрдэмтэн Р.К. Пачаури нь сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, байгалийн нөөц баялгийг зүй зохистой зарцуулах, ашиглах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, туршин, зарим шинэ технологийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тэрбээр 2002 оноос НҮБын мэргэжлийн байгууллага болох “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжлийн бүлэг”-ийн даргаар ажиллаж байгаа аж. Уг бүлэг АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Альберт Горын хамт Нобелийн Энхтайвны шагналыг 2007 онд хүртсэн юм.
Доктор Р.К.Пачаури “Ерөнхийлөгч таны хэрэгж үүлдэг “Ногоон бодлого”-ыг би талархан дэмжиж байна. Бидэнд энэ чиглэлээр хамтран ажиллах маш их боломж бий. Хүн төрөлхтөн улам бүр эрчим хүчээр цангах боллоо. Хэрэглээ нэмэгдэж, нөөц хомсдох тусам бид эрчим хүчийг хэрхэн хялбар арга замаар үйлдвэрлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байна. Сүүлийн үед Энэтхэг, Мяньмар, Африкийн зарим оронд “нарны дэнлүү” их хэрэглэж байгаа нь энэ асуултын нэг хариулт. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой газар нутаг. Говьд нарны эрчим хүчээр айл өрх бүр гэрэл цахилгаантай, цахилгаан үүсгүүртэй болох бүрэн боломжтой. Бид энэ чиглэлээр судалгаа туршилт эхлүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.
Мөн ургамлаас түлш гаргаж авдаг технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой. Энэ нь цөлжилтөөс хамгаалах давхар ач холбогдолтой технологи юм” гэлээ. Газрын гүний усыг хэмнэлттэй, зөв зарцуулах судалгааг тэрбээр хийж буй гэнэ. Мөн байгаль орчин, экологийн мэргэжлийн оюутан солилцох талаар МУИС-тай ярьж байгаагаа хэлэв. Түүнчлэн хотжилтын талаар тусгайлан төсөл хэрэгжүүлж, нийслэлийн утаа, тээвэр, орон сууцны асуудлыг шийдэхийн тулд нар салхинаас дулаан, эрчим хүчээ ашигладаг шийдэлтэй “эко барилга”-ууд барих боломжтой хэмээн үзэж буйгаа ярьжээ. Түүний саналыг дуртайяа хүлээн авч, хамтрахаа Ерөнхийлөгч мэдэгдэв. Ноён Р.К.Пачаури судал гааны багаа Монголд илгээх, Ерөнхийлөгчийн багтай хамтран судалгаа хийх, “Ногоон хөгжил”-ийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.