Оюутолгойн гэрээг “сайжруулахыг” УИХ-ын 20 гишүүн Ерөнхий сайдаас шаардаж мэдэгдэл гаргасан. Сүүлдээ санаа зорилго нь өөрчлөгдөж, Засгийн газрыг огцруулах тухай саналыг дэмжигчдийн гарын үсэг цуглуулж яваа гэх болов. Анх тавьж байсан шаард лагаасаа хадуурах болсон учир 20 гишүүний зарим нь тоглоомоос гарахыг хүсчээ. Тэдний нэг Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой шаардлагыг зарим гишүүн тавьсан. Тэр 20 гишүүний нэг таны байр суурь өөрчлөгдсөн гэж дуулдлаа?
-УИХ-ын 57 дугаар тогтоолтой холбоотойгоор Оюутолгойн гэрээг шүүмжилж байсан. Гэтэл сүүлийн үед шүүмжлэл маань савнаасаа хальж, Засгийн газрыг огцруулах энэ тэр болоод явчихсан. Өнөөдөр энэ тухай ярих цаг нь биш. Хамтарсан Засгийн газар байгуулахыг би анх наасаа эсэргүүцэж байсан. Гэтэл байгуулсан. Одоо бүрэн эрхийнх нь хугацаа дуусах гэж байна. Эдийн засгийн хямрал хаалга тогшиж байгаа ийм үед Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаатай санал нийлэхгүй.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага бий гэж үзвэл дараагийн УИХ-аар асуудлыг ярьж болно. Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай Засгийн газрын төлөөлөл уулзаж ойлголцсон байна лээ. Дэлхийд гуравт орох ийм том бүтээн байгуулалтын ажилд саад учруулмааргүй байна. Би өөрөө аж ахуйн ажлыг гайгүй мэддэг учраас асуудалд өөрөөр хандаж байгаа. Нэг муу зуслангийн байшин барих гэж ямар их ажил болдог билээ.
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж явна гэсэн. Гарын үсгээ зурах уу гэж танаас асуусан уу?
-Над дээр орж ирээгүй. Зуруулж байгааг нь ч мэдэхгүй байна. Оюутолгойн үйлдвэрлэлийг нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад оруулчих хэрэгтэй. Түүнд нь улст өрч бид саад болмооргүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд алдаатай зүйл бий гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэлсэн. Бүтээгдэхүүн гаргасны дараа татварын бодлогоор Монголын тал ашгаа нэмэгдүүлээд явж болно. Дараа дараагийн УИХ, Засгийн газар гэрээг улам л сайжруулна шүү дээ. “Эрдэнэт”-ийн жишээ байна. Шүүмжлэл ихэдвэл аюултай. Монголын тал ирээдүйд 50-иас дээш хувиа эзэмших юм байна гэсэн ойлголт, сануулгыг “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-ынхан сая хангалттай авлаа шүү дээ. Бидний хэн нь юу яриад байгааг ард түмэн ялгаж салгаж ойлгох байх. Шүүмжлэл хэтрэхээрээ улс төр болчих гээд байна.
-Тантай адил байр суурьтай нь 20 гишүүний дунд өөр байна уу?
-Аж ахуйн ажилтай хутгалдаж байсан, зовлон жаргалыг нь биеэрээ мэдэрсэн гишүүн манай 20 дотор байгаа. Бодлоготой шүүмжлэл хэрэгтэй.
Го.ЭНХТӨР