Сонгуулийн хуулийн төсөлд олон нийт нэгэнт анхаарлаа хандуулаад буй. УИХ дахь бүлгүүд зөвшилцөхөөр оролдож, Ажлын хэсгүүд хуралдсаар байгаа. Гэхдээ энэ дунд орон нутгийн сонгууль орхигдоод байна хэмээн нийслэлийн АН-ынхан үзжээ. Тиймээс тэд “Орон нутгийн сонгуулийн зарим асуудал” сэдвээр өчигдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүгээрээ орон нутгийн сонгуульд нийтийн анхаарлыг хандуулахыг эрмэлзжээ. УИХ болон орон нутгийн сонгуулийг 2012 оноос хамт явуулахаар хуульчилсан. Гэвч үүнийг няцаах сонирхол цухалзах болсон учир тэд байр сууриа илэрхийлж буй нь энэ аж. Одоо хэлэлцэж буй Сонгуулийн хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг нэг зарчмаар зохион байгуулах заалт оруулах нь зүйтэй гэж тэд үзэж байв.
Одоогийн нөхцөл ямар байгаа талаар “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа мэдээлэл өгөв. 2008 оны УИХ-ын сонгуульд түүний өрсөлдсөн Чингэлтэй дүүрэгт сонгогчдын тоог 10 мянга гаруйгаар нэмж, хасан будлиантуулсан маргаан гарсан. Тэрбээр шүүхдэж ялсан ч хэн нэгэн хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм. 160 сая хүн амтай Бангладеш улсад сонгогчдын бүртгэлийг 10 саяар нэмж, луйвар хийснийг сөрөг хүчин нь илрүүлсэн жишээг тэр иш татав. Ингээд цэрэг армийнхаа тусламжтайгаар сонгогчдынхоо бүртгэлийг нарийвчлан 81 сая хэмээн гаргаж, улс төрийн бүх нам, холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Нэгэнт бүртгэл маш тодорхой болсон учир дахин дээрх байдлаар зохиомол сонгогч үүсгэх боломжгүй болжээ.
Сонгууль ч шударга болох нөхцөл бүрдсэн гэнэ. Мөн Тайландад сонгуулийн нэг хэсгийн хороо 200-800 сонгогчийн саналыг л авдаг гэнэ. Гэтэл манайд нэг хэсгийн хороо 8000-10000 сонгогчийн саналыг авдаг, ачаалал ихтэй, дээрээс нь ажиглагчаа хол суулгачихдаг учир будлиан үүсэх боломж бүрддэг байна. Тайландад хэсгийн хороод нь саналаа өгөх гэж буй сонгогчийн нэр, хаягийг чангаар дуудах хуультай гэнэ. Дурын иргэн энэ явцыг хянах эрхтэй. Иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж хамтран ажилласнаар санал луйвардах боломжгүй болгодог аж. Энэ мэт туршлагыг манайх хэрэглэх хэрэгтэй, хөрөнгө шаардахгүй хэмээн Р.Бурмаа онцолсон. Гэтэл одоо хэлэлцэж буй Сонгуулийн хуульд нэг хэсгийн хороо 4000 хүртэл сонгогчийн санал авахаар тусгасан, маргаан гарвал сонгогч зөвхөн өөрийнхөө өмнөөс л гомдол гаргана, шүүхэд хандах эрхгүй гэх мэтээр өмнөхөөсөө ч дордуулсан, эрхийг боомилсон заалтууд орсон гэлээ.
Үүнээс гадна намууд нэр дэвш үүлэх гишүүдээсээ мөнгөн татвар авдгийг тэр буруушаав. Энэ нь луйвар үүсэх, түүнийг өөгшүүлэх нөхцөл аж. “АН нэр дэвших хүмүүсээс 50 сая төгрөгийн татвар авч буй нь авлигыг гааруулна” хэмээн шууд шүүмжиллээ. Тиймээс тэрбээр АН-даа 50 сая төгрөгийн татварыг төлөөгүй гэнэ. Хэлэлцүүлгийг зохион байгуулсан нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж “УИХ-ын сонгуульд нэг нам ялдаг ч орон нутгийнхдаа ялагдчихдаг. Тэгээд ч жил дараалан сонгуульдаж, үүгээр амьсгалах нь улсын эдийн засагт хохиролтой, зардал ихтэй. Энэ бүхнийг нэг л хуулиар зохион байгуулдаг байх зарчмыг Сонгуулийн хуулийн төсөлд тусгах хэрэгтэй. Үүний дараа УИХ, орон нутгийн сонгуулийн тогтолцоо ижил байх үгүйг шийдэж болно” гэлээ. УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах процесс нэг байх ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид бүгд дэмжив.
С.УУЛ