УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нийслэлийн зүүн зах болох Улаан хуаранд төрж өссөн нэгэн. 76 дотор хилийн цэргийн сахилга баттай хуруу дарам цөөн гишүүн байдгийн нэг нь тэр. Хуарангийн амьдрал, орчинд өссөн, хожим ч хилийн цэрэгт хат суутлаа ажилласан хүн мятаршгүй, эрс болдог биз. Түүний энэ чанар гаднаасаа илрэхгүй, дотроо нуугддаг гэнэ. Учир нь эрхэм гишүүн гаднаасаа тун зөөлөн хүн шиг харагддаг. Түүнтэй сонирхолтой яриа өрнүүллээ.
-Монголчууд “Гал манах охин, хил манах хүү” гэж ярьдаг. Гэтэл хил манах хувь заяа эр хүн болгонд олддоггүй. Тиймээс эх орноо хамгаалж, торгон хилээ манах нь нэр хүндтэй үүрэг болов уу?
-Манай нэг яруу найрагч “Хил манаагүй эр хүнийг эр хүн гэдэг юм уу” гэж хэлсэн байдаг юм. Энэ бол агуу үүрэг, эх орныхоо хилийг хамгаалж явснаа амьдралын минь хамгийн бахархалтай, мартагдашгүй үе гэж боддог. НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг төгс өөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд хилчин байлдагчаар очиж байлаа. Дараа нь офицер болоод Дорнодын Халх гол суманд очсон. 1939 оны их тулалдаан болж байсан яг тэр газар ажилласан. Тэр үед Монгол, Хятадын хилийн харилцаа нэлээд хүнд байлаа. Хятадын талаас манай хилийг их зөрчинө. Манай заставынхныг жагсаахад 80 хувь нь “Онц хилчин” тэмдэгтэй байлаа. Энэ бол хил зөрчигчийг баривчилсан хүнд олгодог тэмдэг шүү дээ. Энэ баримт бид тэр үед яаж ажиллаж байсныг харуулах байх.
-Цэргийн амьдралыг хатуу чанга дэг журамтай гэлцдэг. Ийм амьдрал танд юу өгсөн бэ?
-Энэ бол амьдралын том сургууль. Би Улаанхуаранд төрж, ясли, цэцэрлэг, 10 жилийн сургуулиа дүүргэсэн. Дараа нь мөн л тэндээ Цэргийн дээд сургууль төгссөн. Тэр л довонд миний амьдралын 20 гаруй жил өнгөрсөн байдаг юм. Ямар сайндаа тэр үед “Улаанхуаранд төрсөн эрэгтэй хүүхэд цэргийн дарга, охин хүүхэд цэргийн даргын эхнэр болдог” гэсэн үг гарсан байх вэ дээ. Би энэ үг шиг л цэргийн хүн болсон. Цэргийн амьдрал хүнээс үг сонсож сургадаг. Нэг зүйлийнхээ араас тууштай тэмцдэг, аливаа тохиолдолд нөхрөө хаяад зугтахгүй, тэсвэр хатуужилтай, асуудал, дарамт тулгарвал даван туулах сэтгэлийн тэнхээтэй болгодог.
-Гэхдээ та гаднаасаа их зөөлөн хүн шиг харагддаг?
-Магадгүй. Би ер нь зөөлөн хүн. Гэхдээ нэгийг харж урвахгүй, байр сууриндаа хатуу зогсдог чанартай. Нөгөө талаар улс төр бас хүнийг өөрчилдөг юм байна. Би улс төрд ороод гурван л юм сурсан байна. Өчигдөрхөн намынхаа генсектэй уулзаад ярьж суухдаа энэ тухай хэлсэн л дээ. “Би улс эх орныхоо төлөө олон юм хийх бодол агуулж УИХын гишүүн болсон. Энд орж ирээд уурлах, нөхөдтэйгээ муудалцаж, хэр үүлч болж сурлаа” гэж хэлэхэд У.Хүрэлсүх дарга инээж байсан. Мэдээж төрийн албанд сурах сайн сайхан зүйл олон бий. Гэхдээ би мууг нь түрүүлээд сурчихсан бололтой (инээв).
-Хотын дарга болсноосоо хойш Та олны танил болсон. Нийслэлийн Засаг даргын алба таныг бас хэрүүлч болоход нөлөөлсөн юм биш үү?
-Үүнээс өмнө би нийслэлийн Багахангай дүүрэгт бүх л албан тушаалыг нь хашиж, 15 жил ажилласан. Тэгэхэд хүмүүс намайг “Та уурладаг юм уу” гэж асуудаг байлаа. Хотын дарга байхдаа ч тайван зантай байсан. Энд орж ирээд наанаа сайхан яриад байгаа мөртлөө үйлдэл нь түүнээсээ зөрдөг хүмүүсийг хараад бухимддаг болчихдог юм билээ. Өөрөө тийм биш болохоор эвлэрч чадахгүй юм. Ер нь хүний итгэлийг хүлээсэн бол алдахгүй байхыг л хичээж амьдардаг хүн шүү дээ.
-Зүрхээ ойрд эмчид үзүүлсэн үү?
-Зүрх гайгүй байлгүй дээ (инээв).
-Уурлах нь их болсон юм бол яаж тайвширч байна даа?
-Тайван л байх дуртай. Энэ их стресстэй орчинд ажиллачихаад гэртээ харихад тайван, дулаан орчин угтдаг. Манай гэр бүлийнхэн их тайван хүмүүс. Тэдэнтэйгээ байна, эсвэл найз нөхөдтэйгээ салхинд гарна.
-Ц.Нямдорж сайд ачтай болсноосоо хойш ажлаа тарж хариад түүнтэйгээ тоглож, хамаг бухимдлаа мартаж чаддаг болсноо ярьж байсан л даа. Танд ач, зээ байгаа юу?
-Манайх хоёр хүүхэдтэй. Хараахан өвөө болж амжаагүй байна. Бага хүү маань 16 настай. Хүү том болчихсон болохоор компьютерийнхээ ард суучихна. Тэгэхээр гэртээ ном уншиж суух дуртай. Сүүлийн үед буддын сургаалтай холбоотой ном нэлээд уншиж байна. Хүн аль болох тайван, сайхан энергитэй байх хэрэгтэй. Шүтлэгтэй хэдий ч юм л бол ламаас асуугаад яваад байдаггүй.
-Та дуулдаг уу. Ямархуу дуу сонсдог вэ?
-Би дуунд муу. Чаддаг юмаараа л оролдох нь дээр. Сайхан дууг бол сонсоно. Манайхаар дүүрэн дууны CD байгаа. Бетховен, Моцарт гээд л сонгодог аялгуу манай гэрт оройд ямар ч байсан 5-10 минут эгшиглэчихнэ ээ.
-Олны анхаарлын төвд байгаа хүн дүр төрх, хувцаслалтдаа хэрхэн анхаардаг вэ?
-Сард хоёр удаа үсээ засуулаад л цэвэрхэн хувцаслахад болно гэж боддог. Түүнээс брэнд хөөдөггүй. Монголоосоо ч, гадаад явахдаа ч хувцас авдаг л юм.
-Салхинд гарах дуртай гэсэн. Та эх орноо тойрч амжсан уу?
-21 аймгаа тойроод үзчихсэн. Бүх суманд очиж бол чадаагүй. Эх орноо тойрч үзчихээд дараа нь гадагшаа явах хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүддээ ч ингэж хэлдэг. Тэдэнтэйгээ эх орноороо аялах сайхан. Монголын бүх л газар үзэсгэлэнтэй, өөр өөрийн онцлогтой шүү дээ. Төрийн буянаар гаднын нэлээд орноор явсан, хэд болсныг нь тоолж байгаагүй юм байна. Хамгийн үзүүштэй газрыг далай, нуур гэж боддог. Их усны энерги агуу шүү дээ. Муухан сэлнэ.
-Ямар нэг спортоор хичээллэдэг үү?
-Уг нь бүх л төрлийн спортын “А”-тай, дөртэй байсан л даа. 2009 онд хөдөө явж байгаад осолд орж, нуруугаа гэмтээгээд зургаан сарын турш хэвтсэн. Түүнээс хойш спортоор хичээллэхэд бэрхшээлтэй болсон. Огт хөдөлг өөнгүй байж бас болохг үй учир ширээний теннис гэх мэт хөлс гаргах, гэхдээ хөдөлгөөн бага шаардах спортоор л хааяа хичээллэж байна.