УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөр шахам хуралдав. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс тунаж үлдээд буй тогтолцооны харьцаа, зарчмын бусад асуудлаар тэд ямар байр суурь илэрхийлэхийг хэвлэлийнхэн анхааралтай ажиглаж буй юм. МАН-аас тэдэнд сонгуулийн холимог тогтолцооны 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон. Дээрх хувилбараар одоогийн хуулиар нийслэлд ногдоод буй 26 тойрог 12 болж буурна. Үүнийг АН-ын зарим гишүүн эсэргүүцжээ.
“АН нийслэлээс л түлхүү дэмжлэг авдаг. 2008 онд орон нутгийн есөн ч тойрогт ялагдсан. 48:28 хувилбарыг сонговол ялалт байгуулдаг нийслэлийн квот хоёр дахин багасаж, орон нутагт өсөж байгаа. Гэтэл 2008 онд орон нутагт ялагдсан. Тиймээс 2012 оны сонгуульд АН ялагдах магадлал л нэмэгдэнэ шүү дээ” хэмээн нэгэн гишүүн ярьсан. Ийм байр суурьтай хүн АН-д цөөнгүй байгаа аж. МАН-ын нийслэлээс сонгогдсон гишүүд ч энэ талаар АН-ынхантай ижил байр суурьтай байна. Тухайлбал, Ц.Батбаяр “Одоо ярьж байгаа 48:28 хувилбараас мажоритараар хуваарилах дээр санал зөрсөн. 48 мандатыг хуваарилахаар орон нутагт 36, нийслэлд 12 ногдоно. 16 аймагт хоёр, дөрвөн аймагт нэг мандат очно гэсэн үг. Нийслэлийн үнэ цэнийг улам бууруулах гээд байна. Мөн энэ нь дуугардаг ганц хоёр гишүүнээ тойргоос шахах бодлого ч давхар агуулж байж магадгүй. Тиймээс тойргийг хүн амынхаа тоонд тааруулах ёстой. Хотод тойрог нэмэх шаардлагатай байхад хасах гэж байна. Нийслэлийн тойргийг нэмүүлэх талаар иргэдэд хандан дуу хоолойгоо хүргэнэ” гэлээ.
Сонгуулийн хуулийн талаар АН-ын бүлэг дээр ярьсан, гаргасан шийдвэрийн тухай ахлагч Ч.Сайханбилэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
-Зарчмын ямар саналууд дээр хоёр Бүлэг саналаа нэгтгэсэн бэ?
-МАН-аас тодорхой асуудлаар бидэнд санал тавьсан. Тухайлбал, мажоритар тогтолцоон дотор “нэг тойрог, нэг мандат” гэдэг зарчим баримталъя гэсэн. 2008 он хүртэл УИХ-ын сонгуулийг олон мандаттай жижиг мажоритар, 2008 оны сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулсан. АНын бүлэг томсгосон тойргийг өөрчилж болохгүй, улсын хэмжээнд 26 тойрог байна гэсэн байр суурьтай байна. Харин нэг тойрогт олон мандат байж болно. Үүнийг хүн амын тооноос хамаарч хуваах нь зүйтэй гэж үзлээ. Суудал хуваарилах, нэрсийн жагсаалтаар намын нэрийг дугуйлах тухай манай саналыг МАН дэмжсэн учир үүн дээр ойлголцсон гэж болно.
-Санал нэгдээгүй ямар асуудал байна вэ?
-Нэр дэвшигчийг 50+1 хувийн саналаар сонгодог байх МАН-ын саналыг илүү гэж үзлээ. Учир нь нэг тойрог дээр олон мандаттай тойрог үүсгэх саналтай байгаа учир 50+1 хувийн саналаар сонгох шаардлагагүй болно. Сонгуулийн хуулиар зөвшилцөх Ажлын хэсэгт орсон манай намын гишүүд маргааш (өнөөдөр) МАН-ынханд саналаа уламжилна. Үүнээс гадна сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар энэ долоо хоногт хэлэлцүүлэг үргэлжилнэ.
-Бас нэг гол асуудал бол холимог тогтолцоо доторх тооны харьцаа байгаа. МАН-аас 48:28 гэсэн хувилбар санал болгосон. АН-ынхан үүнийг дэмжих үү?
-Бидний дээрх саналыг МАН дэмжсэний дараа тооны харьцааны талаар ярихаар хойшлуулсан.
С.ТУУЛ