УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Эрчим хүчний зохицуулагчдын зөвлөл байгуулах, түүний таван гишүүний гурвыг Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын сайд томилохоор уг төсөлд тусгажээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Дэлхийн бусад орны жишгээр байгуулсан Зохицуулах зөвлөлийг алга болгох гэлээ. Зөв концепцээс ухарсан ийм бодлогыг хүлээж авмааргүй байна” гэв. Гишүүн Г.Баярсайхан “Эрчим хүчний салбарын бодлого, зохицуулалтыг үндсээр нь өөрчлөх шаардлага бий.
Харанхуй, цахилгаангүй олон газар байна, эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр ашиглаж, хуульд байгаль орчны асуудлыг давхар анхаарах ёстой. Гэтэл энэ бүхнээ ярихгүй байж сонгуулийн өмнө цахилгааны үнээр шоу хийх нөхцөл бүрдүүлсэн төсөл оруулж ирлээ. Монголчууд дандаа нүүрс шатааж амьдрахгүй. Аливаа байгууллага улстөрчдөөс ангид байх ёстой. Уг төсөлд Зохицуулагчдын зөвлөлийн бүрэлдэхүүний гурвыг сайд нь томилохоор байна.
Энэ нь сонирхлын зөрчил үүсгэнэ, улмаар уг Зөвлөл сайдын дохиогоор ажиллаж, цахилгааны үнийг нэмдэг болно. Энэ асуудлыг улстөрчдийн нөлөө оруулалгүйгээр, зах зээлийн зарчмаар шийдэх ёстой” гэлээ. Ц.Цэнгэл, Н.Ганбямба нар ч ийм байр суурь илэрхийлсэн. Салбарын сайд Д.Зоригт “Засгийн газар эрх мэдлээ нэмэх гээгүй. Харин ч нөхцөл сайжирна” хэмээн тайлбарлав. Төслийг буцааж сайжруулах нь зөв гэсэн саналыг П.Алтангэрэл гаргасан. Олонх нь эсрэг байр суурьтай мэт харагдсан ч уг төслийг хэлэлцэхийг гишүүдийн 58 хувийн саналаар дэмжлээ.