Сонгууль дөхөөд УИХ-ын гишүүд их л идэвхтэй болжээ. Зарим нь хэтэрсэн их ажилтай болсон юм байх. Чуулган, Байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас гаргадаг сүүлийн үеийн ирцийн мэдээнээс харвал тасалсан гишүүн байхаа больж. Юу л бол. Чуулганы танхимд байрлуулсан ирцийн самбарт 69 гишүүн сууж байна гэж харуулдаг ч “оригоороо” байгаа нь түүнийхээ тал хувьд ч хүрдэггүй тохиолдол одоо ч хэвээрээ.
Ирцийн албан ёсны мэдээнд тасалсан гишүүний нэр харагдахаа болив. Үнэн мэдээлэл өгдөг бол сайн л байна. Харин сонгогчид нь үүнд итгэхгүй байна. Нэгэнт л албан ёсны эх сурвалж ирүүлсэн учир өчигдрийн ирцийн мэдээг танилцуулъя. УИХ-ын даргын өгсөн томилолтоор С.Баяр, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нар Италид, Э.Мөнх-Очир Кувейтэд, Засгийн газрын томилолт болон хүлээн авагч талын урилга гэх ангиллаар Л.Гансүх БНСУ-д, Л.Болд АНУ, Туркт, Г.Занданшатар Италид явна. Тойрогтоо ажиллаж байгаа гишүүн алга. Д.Загджавын бие чилээрхжээ. Тэднийг хасахаар ажиллаж байгаа гишүүний тоо 69 буюу 90.7 хувь болж байгаа юм. Харин чуулганы өчигдрийн хуралдаанд биеэрээ сууж байгаа гишүүдийн тоо 39 буюу чуулган хуралдах хэмжээнд ирц бүрдээгүй байлаа.