Британийн түүхч Жерард Уильямс, Симон Данстен нарын “Хөх чоно: Адольф Гитлер зугтсан нь” номоор баримтат кино хийж, ирэх онд үзэгчдэд хүргэх юм байна. Уг номд фюрерийн үхлийн тухай өгүүлдэг. Кино, зохиолд гардаг шиг Адольф Гитлер дайны төгсгөлд Берлинд амиа хорлоогүй, үүнээс олон жилийн дараа буюу 1962 онд Аргентинд нас барсан гэнэ. Ж.Уильямс “Sky News”-т өгсөн ярилцлагадаа “Бид өнгөрсөн түүхийг шинээр бичих гээгүй. Харин арчаад хаячихаж боломгүй түүхийн бодит үнэнийг хангалттай баримтаар дэлгэсэн” хэмээжээ.
Тэдний баталж байгаагаар 1945 онд төгсгөл нь бүрэн ирснийг ойлгосон Адольф Гитлер Ева Брауны хамт нуугдаж байгаад Аргентин руу онгоцоор хүргүүлсэн бөгөөд тэнд 17 жил амьдарчээ. Тэд энэ хугацаанд хоёр охинтой болсон аж. Германы фашизмын толгойлогчийн нуугдаж байсан газрыг Америкийн тусгай албаныхан мэдэж байсан ч нуун дарагдуулсан гэж Уильямс, Данстен нар үзэж байгаа гэнэ. Үүнээс гадна тэдний баталж байгаагаар Сталин, Эйзенхауэр, Гувер нар ч ямар нэгэн байдлаар энэ тухай мэдэж байсан гэх. Берлинд Гитлерийн орогнож байсан газраас орос цэргүүдийн олсон араг яс үнэн хэрэгтээ залуу эмэгтэй хүнийх байсан гэдгийг тэд мэдэж байсан хэмээн уг номд өгүүлжээ.