Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэв. Улсын төсөв хэлэлцэхээр гишүүдийн урам зориг сэргэдэг уламжлалтай. Энэ л ёсоор гишүүд тойрог тойрог руугаа мөнгө татчих гээд баахан санал гаргажээ. Бусад Байнгын хорооноос ирүүлсэн саналыг Төсвийн байнгын хороо нэгтгэдэг юм. Гишүүдийн “амбийц” хөдлөөд жигтэйхэн байв. Д.Дамба-Очир ялангуяа өчигдрийн “аманцар” гишүүнээр тодорлоо. Байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай уралдаж яриад, хүн бүхний асуултад өмнөөс нь сайн дураар хариулт өгөөд байсан түүнийг Д.Оюунхорол “Дамбаа чи битгий олон юм яриад бай” гэж загнаад ч нэмэр болсонгүй. Сүүлдээ Д.Ганхуяг “Чи ер нь Байнгын хорооны дарга юм уу, хэн юм” хэмээн уурсав.
Орхон аймгийн гэр хорооллын зам, гэрэлтүүлгийн ажлыг 2012 он руу шилжүүлэх санал Д.Дамба-Очирын өвчнийг хөдөлгөчихсөн бололтой. Тэгж болохгүй гэж орилоод тусыг эс олсон юм. Я.Батсуурь гишүүн Дорноговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 38 сая, сургуулийн мэдээллийн технологийг сайжруулахад 10 сая, шатрын клуб байгуулахад 10 сая төгрөг гэх мэтээр баахан “жалга довны” санал өгснийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн аж. Д.Ганхуяг арга барахдаа “Шатрын клуб байгуулах хөрөнгийг улсын төсвөөс гаргаж болдог юм уу” гэж хэлээд үзэв. Нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахад 457 сая төгрөг зориулах байсныг 570 сая болгож нэмэх Х.Тэмүүжиний саналд Сангийн яамны мэргэжилтний хэлсэн тайлбар гал дээр тос асгаж орхисон. Тэрбээр “Гишүүдийн тэрбум төгрөгөөсөө Х.Тэмүүжин 457 сая төгрөгийг нь тоног төхөөрөмжид зориулахаар санал өгсөн. Тоног төхөөрөмж нь ороод ирсэн юм л даа” гэж хэлмэгц араас нь гишүүд шаагив.
Байнгын хорооны дарга Д.Хаянхярваа “Сангийн яамныхан тайлбар өгөхдөө гишүүний мөнгө гэхээ боль. Гишүүний мөнгө гэж юу байдаг юм” гэлээ. Ш.Сайхансамбуу 2010 оны тэрбум төгрөгөөс нь “ор сураггүй” алга болсон 50 сая төгрөгийг яамныхнаас нэхээд авлаа. НББСШУ-ы Байнгын хорооноос Монголын томоохон эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд тус бүрт 500 сая төгрөгийн хөрөнгө олгох санал гаргасан байна. Гэтэл Д.Арвин, С.Оюун нарын автортай уг саналыг “унагах” эхлэлийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гаргасан нь анхаарал татав. Д.Арвин “Манай томоохон эмнэлгүүд тоног төхөөрөмж муутай. Саяхан Улсын клиникийн төв эмнэлэг Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Гэтэл тоног төхөөрөмж байхгүй учир БНСУ-аас авчирч хэрэглээд буцаасан. Тоног төхөөрөмжийг нь аваад өгвөл дараагийн хоёр хагалгаагаа хийнэ гээд багийнхан нь УИХ-аас гуйж байна.
Манай Байнгын хорооны гишүүд эмнэлгүүдээр явж танилцсан учир зориуд дээрх саналыг оруулсан юм. Гэтэл С.Ламбаа сайд саналаа татаач гээд байх юм. Эмнэлэг тус бүрт 500 сая төгрөг олгох саналаа татаад оронд нь элэг шилжүүлэн суулгах багт тоног төхөөр өмж авах 600 сая төгрөгийг шийдүүлэх санал оруулъя” гэлээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Төсвийн 70 хувийн тодотголоо л манай салбарт хийж байгаа. Гэтэл уг мөнгөөр Улаанбаатарын эмнэлгүүдэд тоног төхөөрөмж аваад өгчихвөл орон нутгийн эмнэлгүүд хэцүүднэ. Тиймээс Засгийн газрын саналаар нь л төслийг батлаач гэж хүссэн юм. Эмнэлгүүдэд тоног төхөөрөмж авах мөнгийг 2012 оны төсөвт заавал суулгана” гэлээ. Улсын клиникийн төв эмнэлэгт БНСУ-ын тусламжаар 200 сая воннын тоног төхөөрөмж өгчихсөн юм байна.
Одоо 480 сая төгрөгөөр дахин хоёр гол техникийг авчихвал дараагийн хагалгаагаа хийх гээд байгаа аж. Байнгын хорооны гишүүд “энэрэнгүй сэтгэл гаргаж”, элэг шилжүүлэхэд хэрэгтэй төхөөрөмж авах 600 сая төгрөг төсөвт оруулахыг дэмжив. Ер нь төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр орон нутгаас сонгогдсон гишүүд хүч түрж буй нь анзаарагдсан юм. Хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлдээ жаахан хөрөнгө хуваарилуулчих гээд хэдэн гишүүн хүч нь тарамдаж байлаа. Эрүүл мэндийн сайд нь хүртэл “Хот яах вэ, хөдөө” гээд сууж байдаг. Р.Будын оруулсан орон нутгийн чанартай саналуудыг гишүүд дэмжсэнгүй. Завхан, Булганы гишүүдийн санал ч унав. Э.Мөнх-Очир барьцаж, “БНСУ-аас бэлэглэчихсэн төхөөрөмжид 600 сая төгрөг өгчихөөд манай аймгийн нутгийн удирдлагын ордноос17 сая төгрөг харамлалаа” гэлээ. Улаанбаатарын авто зам, дэд бүтэц, сургууль цэцэрлэгт зориулж 60 тэрбум төгрөг нэмэх хотын гишүүдийн саналыг ч орон нутгийнхан нь дэмжсэнгүй. Энэ мэтээр гишүүд “тойрогтоо хайр зарлаж”, түүнийхээ төлөө хуваагдан талцсаар хэлэлцүүлэг дууслаа.
С.ТУУЛ