УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Засгийн газар хөрөнгө оруулалтыг 627.7 тэрбум, урсгал зардлыг 150 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр санал болгосон. Тодотголд орлогыг 615.3 тэрбум төгрөгөөр нэмснээр нийт 3.920.0 тэрбум төгрөг, зарлагыг 823.3 тэрбум төгрөгөөр нэмж, нийт зардал 4.912.4 тэрбум төгрөг байхаар тооцсон. Ингэснээр алдагдал ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэж байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тойргоо гэх сэтгэл сэргэж, Засгийн газрын толгойг өвтгөж сууна.
Төсвийн байнгын хорооноос оруулсан Зарчмын зөрүүтэй саналуудыг ажиглахад Сангийн сайд орлого нэмэгдүүлэх гарц хайсан санал оруулсан бол гишүүд зарлага нэмэхэд анхаарчээ. Сайд импортын барааны гаалийн албан татварын орлогыг 7.280.5 сая, НӨАТ-ын орлогыг 15.289.2 сая, нийт 22.569.8 сая төгрөгөөр нэмэх санал гаргасныг УИХ дэмжсэн. Гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө нэмэх баахан санал гаргасны ихэнхийг бас дэмжлээ. Тухайлбал, УИХ-ын дарга Ховд аймагт хадлангийн иж бүрдэл бүхий бага оврын трактор авахад 200 сая, “Гэр” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 250 сая төгрөг гаргах санал оруулжээ.
Орон нутгийн, бас байшин барилгын дээвэр засах төдий иймэрхүү саналыг дэмжсэн атлаа УИХ хүн амынх нь тал хувь амьдардаг нийслэлээ үл тоов. Нийслэлээс сонгогдсон гишүүд тодотголын хүрээнд нийт хөрөнгийн 10 хувийг Улаанбаатарт зориулах санал гаргасан юм. Түүнийг дэмжсэнгүй. Сангийн сайд “Энэ асуудлыг дэмжих боломжгүй, Төсвийн хуулийг зөрчин ө. Тодотгол хийхийн тулд Улаанбаатар хот, Төрийн сангуудаас санал авсан. Ер нь нийслэлийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмж байгаа.
БНХАУ-аас авах 500 сая ам.долларын 300 саяыг Улаанбаатар хотод зарцуулна. Мөн нийслэлийн авто замын ажлыг явуулахын тулд 18 тэрбум төгрөг нэмсэн” гэсэн тайлбар өгөв. Улсын Клиникийн төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багт шаардлагатай тоног төхөөрөмж авахад 600 сая төгрөг гаргах санал байсныг УИХ дэмжив.
С.ТУУЛ