Аравдугаар сарын 27 Монгол Улсын хувьд түүхэн өдөр билээ. Одоогоос 50 жилийн өмнөх энэ өдөр манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, ,олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг цэгнэж, цаашдын зорилтоо тодорхойлсон чухал үйл явдлууд энэ өдрүүдэд Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болж байна. Энэ ойн арга хэмжээний хүрээнд НҮБ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилогдсонд ноён Бан Ги Мүнд Ерөнхий сайд уулзалтын эхэнд баяр хүргээд түүний удирдлага дор НҮБ амжилттай ажиллаж байгааг тэмдэглэв.
Монгол Улс НҮБ-ын гиш үүн байсан 50 жилд хоёр тал олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн, цаашдаа энэхүү харилцааг улам бататган хөгжүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт нааштай сайн байгаа. Уул уурхайгаас олж байгаа ашгийг иргэддээ тэгш хүртээх зорилгоор Хүний хөгжлийн сан бий болгосон. Энэ сангаар дамжуулж хувь хишиг хүртээх ажлыг цаашид үргэлжлүүлэх, иргэдийнхээ амьжиргааг улам сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гээд олон салбарт НҮБ-тай хамтран ажиллахын чухлыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, үр дүнг гаргах талаар Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан тодорхой саналуудыг Монгол Улс дэмжиж байгааг илэрхийлээд, НҮБын хөгжлийн хөтөлбөр Монголд амжилттай хэрэгжиж байгааг дуулгав. Монгол Улс энэ оны долдугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа. Бидний хувьд зорьж буй гол ажил бол ардчиллын боловсролыг олон улсын хэмжээнд түгээх явдал.
2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг ардчиллын боловсролын чиглэлээр санаачлахаар ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд С.Батболд мэдэгдээд энэ тал дээр анхаарч дэмжихийг Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс хүслээ. Мөн Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагааг Либер, Чад, Сьерра Леон, Конго улс, Дарфурт амжилттай явуулж байна. Өнгөрсөн оны арванхо ёрдугаар сараас эхлэн манай улсаас хоёрдугаар шатны цэргийн хээрийн эмнэлгийн баг Дарфурт үүрэг гүйцэтгэж байгаа болон Өмнөд Суданд шинээр энхийг сахиулах ажиллагаанд нэг батальон цэрэг илгээхээр шийдвэрлэснийг дуулгав. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын бүсийн энхийг сахиулах төвүүд болон Нью-Йорк дахь төв департаментэд Монголын шинжээчдийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний дэвшүүлсэн саналыг анхаарч хариуцлагатай тэмдэглэж авахыг ноён Бан Ги Мүн холбогдох албан тушаалтандаа уулзалтын үеэр үүрэг болгож байв. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах явц амжилттай байгаа, одоогийн байдлаар долоон улс гарын үсэг зураад байгааг онцлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад 2009 онд айлчлахдаа судалгааны төвийг нээсэн нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцох боломж нээснийг Ерөнхий сайд дурдлаа. Ноён Бан Ги Мүн НҮБ-д элссэний 50 жилийн ойн баярын мэндийг Ерөнхий сайд С.Батболдод хүргээд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг онцлов.
Түүнчлэн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг, Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэрбээр тэмдэглэв. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр сайн ажиллаж байна хэмээн Монгол Улсын Засгийн газрыг үнэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг Монгол Улс үлгэр дуурайл болохуйц арга хэмжээ авч байгааг ч дурдав. Мөн ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгахад Монгол Улсад нааштай үзүүлэлт гарч байгааг, Хүний хөгжлийн сангаар дамжуулан иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх бодлогоо тууштай хэрэгжүүлэхийн чухлыг тэрбээр тэмдэглээд, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга Нассир Абдулазиз Нассертай уулзаж, Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол дуу хуур олон улсын дипломатЧдыг гайхашрууллаа Монгол Улсыг сурталчилсан нэгэн гайхамшигт тоглолт аравдугаар сарын 27-ны өдөр НҮБын чуулганы танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцох үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найруулав. Эх орноо сурталчлан дэлхийн олон оронд тоглолт хийсэн Монгол Улсын Морин хуурын чуулга ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагаар шилдэг бүтээлээсээ толилуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид монгол бүжгийн гайхамшгийг харууллаа. Дэлхийн лидерүүд үгээ хэлж бодлогоо тодорхойлдог НҮБын чуулганы танхимд морин хуур аялгуулж, монгол ардын уртын дуу цуурайтсан нь олон орны дипломатчдын бишрэлийг төрүүллээ. Монголчууд морин хуурын аялгуу эгшиглэхэд гэрийн жавар арилдаг хэмээн бэлгэшээдэг. Хуурын аялгуу цуурайтсан энэ тоглолтын үеэр монголчууд уран нугаралт, ардын бүжгээ толиллуулж, дэлхийн сонгодог бүтээлүүдийн цоморлигоосоо ч толилууллаа. Хөөмийн түрлэгийг үзэгчид илүүтэй сонирхлоо. ОХУ-ын Санкт-Петербургт энэ оны есдүгээр сард болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат жүжигчин болсон Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин дуурийн алдартай ариг дуулсан нь монголчууд дан ганц ардын урлагаараа төдийг үй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлагаар гайхагдах их авьяастайг дэлхийн олон улсад таниулсан хэрэг болов. Бүтэн нэг цагийн турш орон орны дипломатчдыг “уяж” чадсан энэ тоглолт эх орноо сурталчилсан сайхан үйл явдал боллоо хэмээн хүмүүс ам сайтай байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.