Сирийн Ерөнхийлөгч Башар Асад улс орных нь дотоод хэрэгт оролцохгүй байхыг АНУ, Европын орнуудаас хүслээ. Сирийн Хомс, Хама хотод өнгөрсөн баасан гаригт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 37 хүн амиа алдсан тухай ВВС мэдээлжээ. Энэ явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч Башар Асад “Сири бол Ойрхи Дорнодын голомт. Манай оронд гарсан ямар ч зөрчил энэ бүсэд “халдварлана”.
Та нар дахиад нэг Афганистан, эсвэл хэдэн арван Афганистантай тэнцэх гамшгийг хүсээ юү” хэмээн Их Британийн “Sunday Telegraph”-т өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Сирийн армийнхан олон алдаа гаргасан хэмээн тэрбээр онцлоод харин одоо хэт даврагчид л байдлыг хурцатгаж байна гэсэн аж. Жагсаал, үймээн, дайн болж буй Арабын орнуудыг бодвол Сирийн эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш зургаан өдрийн дараа өөрчлөлт, шинэчлэлтийг хийхээ амалсан гэж тэрбээр хэлжээ.
Тус улсын эрх баригчид “Лалын шашин ахан дүүс” бүлэглэлтэй сүүлийн 60 жил тэмцсэн, одоо ч Сирид болж буй үйл явдлын цаана лалын хэт даврагчид байгаа гэж Башар Асад үзэж байна. Харин АНУ, Европын орнууд энэ бүхнийг дэвэргэж, улсын дотоод хэрэгт оролцож байна, хэрэв үйл явдал энэ янзаар үргэлжилбэл байдал улам хурцдаж, дэлхийг хамарсан зөрчил гарч болзошгүй хэмээн тэрбээр анхааруулав. Үүний зэрэгцээ хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд Сирийн эрх баригчдыг буруутгасан хэвээр. Хомс хотын Баба-Амр дүүрэгт арми, сөрөг хүчнийхний хоорондын тулаан үргэлжилсээр байгаа гэнэ. Мөн Дейр эль-Зур хотод босогчдыг дэмжсэн, эрх баригчдыг эсэргүүцсэн хүмүүсийг бөөнөөр нь баривчилсан гэх мэдээлэл гаднын хэвлэлүүдэд нийтлэгдлээ.