УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Зөвшилцөх Ажлын хэсэгт багтсан АН-ын гишүүд бүлгийнхээ саналыг нөгөө талд уламжилсан ч тохиролцоонд хүрч чадаагүй аж. АН-ынхан улсын хэмжээгээр 26 тойрог болгосныг өөрчлөхгүй байх санал тавьсан юм. Мөн мандатыг хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран хуваарилна гэсэн. Үүнээс гадна 2012 оны мөнгөний бодлого, энэ долоо хоногт хэлэлцэх зарим асуудлыг ярилцжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ.
-Тойргийг хуваахгүй байх танай саналыг МАН-ынхан хүлээж авсангүй. Одоо ямар алхам хийх вэ?
-Бид тойргийг жижиглэхгүй гэсэн зарчмын байр сууриндаа хатуу зогсоно. МАН-ын бүлгээс тавьсан саналыг хүлээж авах нь тойргуудыг хэт жижигсгэж, хуучин мажоритар давамгайлсан тогтолцоогоор сонгууль явуулах зарчим руу орно гэж манай гишүүд үзэж байгаа. Сонгуулийн хуулийг хуучнаар нь биш өөрчилж батлах ёстой шүү дээ.
-2012 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг энэ долоо хоногоос хэлэлцэнэ. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Төрөөс мөнгөний талаар 2012 онд баримтлах бодлогыг судалж, бүлгийн санал дүгнэлтийг төсөлд тусгах зорилгоор Я.Батсууриар, улсын 2012 оны нэгдсэн төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүд дээр Д.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Өнөөдөр бид мөн С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 95 мянган ахмад байдаг. Тэд 1995 оноос хойш тэтгэвэртээ гарсан хүмүүсийнхээс бага тэтгэвэр авч байгаа. Энэ зөрүүг арилгахаар төсөлд тусгасан. Энэ 95 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгахад 2012 оны төсөвт 23 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг төсөвт тусгах нь зөв гэсэн шийдэлд бүлгийн гишүүд хүрлээ.
С.УУЛ