“Хөрөнгөтэй гишүүд нь хөрөнгөгүй болж, хөрөнгөгүй нь хөрөнгөжиж байна. Төрд ажиллаж байсан хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоод л үнэтэй машин унаад, олон өрөө байр, хаустай болж байгаа нь гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт (ХОМ) мониторинг хийлгэх зайлшгүй шаардлага бий болгож байна. Тийм учраас хөрөнгө, орлогын гарал үүслийг тодруулах нь чухал. УИХ-ын гишүүд эдийн засгийн хувьд аалзны тор шиг холбоо сүлбээтэй болчихсон. Наад захын жишээ хэлэхэд, уул уурхайн том төсөлд гэр бүлээрээ, улс төрийн бүлэглэлээрээ орчихоод байна. Анх улс төр-бизнесийн бүлэглэл гэдэг байсан бол одоо бизнес, гэр бүл, улс төрийн бүлэглэл болоод хувирчихсан”. Ноцтой бөгөөд ортой энэ үгийг УИХын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан зориг гаргаад хэлчихэв.
Дэд хорооны гишүүн Су.Батболд түүнийг дэмжжээ. Залуу улстөрч уг нь ийм л шийдмэг байх ёстой. Г.Баярсайханы хувьд ийм саналыг өнгөрсөн жил анх гарган тавьж байв. Саяхан Дэд хорооныхон хуралдаж гишүүдийн ХОМ-т мониторинг хийлгэх санал гаргасан ч залуу гишүүдийн зүтгэл талаар болжээ. Ёс зүйн дэд хорооны зургаан гишүүний олонх нь санал нэгдэж байж албан ёсны шийдвэр гаргадаг. Харамсалтай нь хоёр залуугаа нөгөөдүүл нь дэмжээгүй байна. Манай сонины өчигдрийн дугаарт “УИХ-ын гишүүнийг баривчлахад саадгүй боллоо” гэсэн нийтлэл гарсан. Гэмт хэрэг хийгээгүй гэдэг хэрнээ гэлбэлзэж явдаг тэдний өөрсдийгөө хамгаалсан УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоосон тухай уг нийтлэлд өгүүлсэн. Ингэснээр эрүүгийн шинжтэй хэрэгт шалгуулж буй гишүүдийг баривчлан саатуулах эрх үүссэн.
Цэцийн эл шийдвэр УИХ-ын цөөнгүй гишүүнд айдас төрүүлээд байгаа талаар, сандралдахдаа дараагийн шатанд давж заалдахаар хэрхэн хөөцөлдөж байгаа тухай эх сурвалжууд ярьж байна. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг энэ. Үүнтэй адилаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Авлигатай тэмцэх газраар дүн шинжилгээ хийлгэхээс гишүүд ихэд эмээж байгаа юм байна. УИХ-ын гишүүн болгоныг адгийн луйварчин гэж хэлэмгүй. Гэхдээ л өмнө нь хэн байсан, одоо хэн болж, ямар аргаар хэрхэн баяжиж хөлжсөн нь сэжигтэй асуудал биш гэж үү. УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн өндөр албан тушаалд томилогдсон олон хүн гэнэтхэн л тансаг эдийн хэрэглэгч болсон нь олон түмэнд ил. Харин ямар аргаар цулайв гэдэг нь ард иргэдэд тодорхойгүй байдаг. Үүний л учрыг олъё, шударгаар, бизнес хийгээд хөлжсөн бол хардаж сэрдэхээ больё гэсэн санаагаар эрхэм гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийлгэе гэж УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга бодсон биз.
Дэд хороо олонхиороо ийм шийдвэрт нэгдэж чадсан бол УИХ руу чиглэсэн хардлага сэрдлэгийг цайруулж чадах хамгийн сайн аргын нэг болох байв. 76 гишүүнээ ч бид гоёор харна биз дээ. Г.Баярсайхан, Су.Батболд нарын саналын эсрэг байсан Дэд хорооны нөгөө дөрвөн гишүүн буюу Э.Бат-Үүл, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат нар уг нь УИХ-ын гишүүд дотроо “цэвэрт” тооцогдох хүмүүс. Гэсэн ч иргэний эр зориг гаргахаас тэд хулчийжээ.
А.ИХ-УУЛ