Швейцарийн Берн хотод өнгөрсөн сарын 16-19-нд Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 25 дугаар
Ассамблейн хуралдаан болж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн С.Оюун ОУПХ-ны Хүний эрхийн хорооныхонтой уулзаж, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаах ажлын явцын талаар ярилцжээ. Энэ талаар нь С.Оюунаас зарим зүйлийг тодруулав. Тэрбээр уг уулзалтын талаар хэвлэлд ярилцлага өгөөгүй юм билээ.
-Хүмүүс аливааг мартахдаа амархан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг анх яаж ОУПХ-ны анхааралд оруулсан билээ?
-Эрх нь зөрчигдсөн Парламентын гишүүдийн талаар ОУПХны Хүний эрхийн хорооноос мэдээллийн сан үүсгэсэн байдаг. Ахын амь насыг хөнөөсөн хэргийн талаар 2001 онд анх мэдээлэл явуулсан. Зургаан сар тутам мэдээллийн талаар хэлэлцэж энэ тухай тогтоол, шийдвэр, зөвл өмжийг тухайн улсын Парламентад илгээдэг юм байна. Үүгээрээ уг асуудал бидний, олон улсын анхааралд байгаа шүү гэдгийг сануулдаг. Мөрдөн байцаалтын нууцад хамаарахгүй мэдээлэл ирүүлээч гэж манай талаас хүсдэг ч нууцад хамаардаггүй мэдээлэл гэж байдаггүй бололтой юм билээ. ОУПХ-ны Хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу хэрэгт хяналт тавих, мэдээлэл авч байх, илрүүлэлтийг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой УИХ-ын Ажлын хэсгийг 2006 онд байгуулсан.
-Сая уулзахдаа ямар мэдээлэл солилцов?
-Хэргийг илрүүлэх талаар үр дүн харагдахгүй байна. Цаашид яах хэрэгтэй вэ гэж асууж байна лээ. Хэргийг түдгэлзүүлээгүй, Ажлын хэсэг ажиллаж байгаа ч тодорхой үр дүн гараагүй, уг хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарлыг хандуулахыг хүссэн гэдгээ хэлсэн. Энэ хэрэгт тавих анхаарлаа сулруулахгүй байхыг ОУПХ-оос хүссэн. Хэргийн явцад анхаарал тавьж байхгүй бол түдгэлзүүлдэг юм байна. Бид боломжоороо л энэ хэргийг замхруулахгүйн төлөө ажиллаж байгаа. Мөрдөн байцаалтын нууц гээд Ажлын хэсгийнхэн мэдээлэл өгдөггүй. Гэсэн ч цөөн хэдэн ажиллагаа хийгдсэн бололтой юм билээ. Хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг гадаадад криминалистикийн шинжилгээнд хамруулсан гэсэн сураг байдаг.
-ОУПХ-ны Хүний эрхийн хороо эрх нь зөрчигдсөн гэх хэр олон хэргийг анхааралдаа байлгадаг юм бол?
-Нийтдээ 100 гаруй хэрэг байдаг юм билээ. Ялангуяа сөрөг хүчнээ дарамтлах, шүүхээс ял оноох, шоронд хорих, хүн гүтгэсэн хэргээр өндөр торгууль ногдуулах гэх мэт хэрэг олон байдаг юм байна.
-Парламентын гишүүний амь насанд халдсан өөр ямар ноцтой хэрэг олон улсын анхааралд байна вэ?
-Парламентын гишүүний амь насанд нь халдсан, ор сураггүй алга болсон гэх 7-8 хэрэг бий гэсэн. Белорусийн Парламентын гишүүн, Хууль зүйн сайд байсан хүнийг баривчилснаас хойш ор сураггүй алга болсон юм билээ. Камбожийн сөрөг хүчний намын даргыг Ерөнхий сайдыгаа гүтгэлээ гэх хэргээр шүүхээс 12 жилийн хорих ял оноож. Одоо гадаадад амьдардаг гэсэн.
Э.ТӨР