Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох, “Цэвэр агаар” сангаас агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулбал иргэн, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох тухай журмыг баталжээ. Мөн Өмнөговийн бүтээн байгуулалтад тулгамдаж буй, дэд бүтэцтэй холбоотой зарим асуудлыг шийдсэн байна. Энэ талаар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Өмнийн говьд тулгамдаж буй яг ямар асуудлыг Засгийн газар шийдэв?
-Цахилгаан, авто зам, усны асуудлыг шийдлээ. Тавантолгой, Оюутолгойд цахилгаан дутагдаж байгаа. Тиймээс Тавантолгой дээр цахилгаан станц барих ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компанид даалгахаар боллоо. Тэд концессийн гэрээгээр уг ажлыг гүйцэтгээд тодорхой хугацааны дараа төрд эргүүлэн өгнө. Оюутолгойд ч дээрх нөхцөлөөр цахилгаан станц барих боломж олголоо. Тэд сонирхогчдыг оролцуулж, мөн дээрх нөхцөлөөр ажиллана. Мөн Тавантолгойгоос хил хүртэл ямар ч зам байгаагүй. “Ухаа худаг” компанид эрх өгснөөр тэндээс хил хүртэл хатуу хучилттай зам барьсан. Гэвч уг замаар олон машин явахад хангалтгүй байгаа. Тиймээс зэрэгцүүлж хоёр урсгалтай зам барих эрхийг “Эрдэнэ Тавантолгой” компанид өгсөн.
Уг ордоос иргэн бүрт өгсөн хувьцааг үнэд оруулах ёстой. Уг хувьцаагаа олон улсын зах зээлд гаргахад зам, цахилгаан станцтай байх, дэд бүтцийг нь хангах хэрэгтэй байна. Түүнчлэн одоохондоо Тавантолгойд ус хангалттай байгаа ч цаашид асуудал үүснэ. Орхон, Сэлэнгэ голоос урагш усны хоолой татах асуудлыг судлах үүргийг БОАЖЯ-нд өглөө. Бид Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор урагш нүүрс гаргаж байгаа. Эдгээр боомтоос гадна уурхайнуудыг дагаад Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сум хэрхэн хөгжих вэ, хэчнээн хүн суурьшихыг сайтар тооцоолж, авах арга хэмжээний талаарх асуудлыг 2012 оны зургадугаар сард багтаан Засгийн газарт оруулж ирэх үүрэг өгсөн тогтоол гаргалаа.
-Авто зам барихад хэдий хэмжээний хөрөнгө гарах тооцоо байна вэ?
-ТЭЗҮ-ийг гаргана. Өмнө нь хувийн компани бараг 100 орчим тэрбум төгрөгөөр зам тавьсан юм билээ.
-Цахилгаан станцын хүчин чадал ямар байх вэ. Орон нутгийг цахилгаанаар хангах боломжтой юу?
-Тэр талаар өнөөдөр яриагүй. Эхлээд ТЭЗҮ-гээ хийх хэрэгтэй. Эхний ээлжинд Оюутолгойг, боломжтой бол цаашид орон нутгийг цахилгаанаар хангах талаар хөндөнө.
Д.Зоригт: Хүйтний улиралд цахилгааны төлбөрийн 50 хувийг чөлөөлнө.jpg)
-Ямар шаардлага хангасан нөхцөлд цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөх юм бэ?
-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журмыг манай яамнаас боловсруулж батлууллаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1.1-8-д заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн хэрэглэгч хүйтний улиралд, зөвхөн ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийнхээ 50 хувийг чөлөөлүүлэх эрх эдэлнэ. Утаагүй зуухны хөтөлбөрт хамрагдсан, гэр болон амины орон сууцаа стандартын дагуу бүрэн дулаалсан, цахилгаан, эсвэл хийгээр гэрээ халааж байгаа айлууд хамрагдана гэсэн үг.
-Шөнийн тарифыг хөнгөлөх талаар журмаар зохицуулсан зүйл байгаа юу?
-Энэ хөнгөлөлтийг хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөх хугацаатай уялдуулсан. УИХ-аас баталсан тогтоолын дагуу 18.00- аас 09.00 цаг хүртэлх хугацаанд шөнийн тарифыг мөрдөнө. Цахилгааны шөнийн тариф 40 төгрөг байгаа. Өмнө нь шөнийн гэсэн тодотголтойгоор мөрдөж байсан цагийг зургаан цагаар нэмлээ. Шөнийн тарифын үнэ ердийнхөөс хоёр дахин буурч байна. Айл өрхүүдийн хувьд энэ зарчим янз бүрээр тусна.
-Болзол хангасан иргэд цахилгааны хөнгөлөлтөө эдлэхийн тулд хаана хандах вэ?
-Хүсэлтээ эрчим хүчээр хангагч байгууллагад гаргаж, гэрээ байгуулна. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх ёстой. Мөн эрчим хүчнийхээ төлбөрийг сар бүр тогтсон хугацаанд төлж, ямар нэгэн өргүй байх учиртай.
-”Цэвэр агаар” сангаас ногоон бизнесийг дэмжиж мөнгөн урамшуулал олгохоор болсон гэлээ. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар шалгуур тавих вэ?
-БОАЖЯ-наас уг журмыг боловсруулсан. Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал олгох юм. “Цэвэр агаар” сангаас ногоон бүтээгдэхүүн, ногоон үйлчилгээ үзүүлж байгааг баталсан гэрчилгээ авсан иргэн, байгууллагад мөнг өн урамшуулал олгохоор болж байна. Бүтээгдэх үүн нь ямар байх, гэрчилгээг ямар журмаар олгохыг дээрх сан шийдвэрлэнэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилт технологи нэвтрүүлж байгаа бол дэмжинэ.
С.ТУУЛ