Жил бүрийн төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас санал дүгнэлтээ өгдөг хуультай. Ерөнхий аудитор Ч.Раднаа УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд энэ талаар танилцуулахдаа сонгуулийн жилийн төсвийн төслийг “Орлого бүрдүүлэлтийн хувьд эрсдэлтэй байж болзошгүй. Зардал төлөвлөлт нэлээд бийлэгжүү хандлагатай болжээ” гэв. Европын зарим орны төсвийн өр зээлээс үүдэлтэйгээр дэлхийн эдийн засагт хямралын шинж ажиглагдаж байхад Монголын эдийн засаг өндөр өсөлттэй байж таарах нь. Төсвийн нийт зарлага өмнөх оныхоос 87 хувиар нэмэгдэхээр байна. Нийтийг хамарсан халамжийн ялгаваргүй бодлого үргэлжилж, хамрах хүрээ, арга хэлбэр, зарцуулах мөнгөн дүн нэмэгдсээр байгаад УИХ, Засгийн газар дүгнэлт хийх ёстой гэж Ерөнхий аудитор зөвлөв.
Халамжийн бодлогыг зорилтот хэсэгт чиглүүлж чадаагүйг тэрбээр шүүмжилж байгаа юм. 2012 оны төсөвт нийгмийн халамжид 227.4, төрөл бүрийн тэтгэлэг, урамшуулал, тусламжид 321.6, иргэдэд бэлэн мөнгөөр 692.6, тодорхой бүлэгт чиглэсэн тусламж, дэмжлэгт 186.5 тэрбум буюу нийт дүнгээрээ нэг их наяд 428.1 тэрбум төгрөг зарлагадахаар төлөвлөсөн нь төсвийн нийт зарлагын 20 хувьтай тэнцэх юм байна. Энэ нь өмнөх оныхоос 38 хувиар буюу 393.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх үзүүлэлт аж.
ҮАГ-аас 2012 оны төсвийн орлогыг 104.9 тэрбэм төгрөгөөр нэмэгдүүлэх дөрвөн санал, зардлыг 105.7 тэрбум төгрөгөөр бууруулах гурван санал боловсруулсан гэнэ. Эдгээр саналыг УИХ дэмжвэл төсвийн үзүүлэлт 28 хувиар сайжирч, нийтдээ 210.6 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ. Төсвийн зардлыг бууруулах бас нэг хэлбэр нь төрийн захиргааны байгууллагуудад бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх асуудал гэсэн 2006 оноос эхлэн баримталж ирсэн байр сууриа Ерөнхий аудитор дахин илэрхийлэв.
Яамдын тоог цөөлж, зарим чиг үүргийг нэгтгэх замаар төрийн албаны орон тоог 250-иар, зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр, агентлагуудын тоог цөөлж давхардлыг арилгахад орон тоог 451-ээр, зардлыг 1.5 тэрбумаар, аймгийн төвөөсөө болон өөр хоорондоо 6-35 км зайтай 80 сумын 22 сумыг нь нэгтгэхэд 3.6 тэрбм төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоог ҮАГ-аас гаргажээ.
Э.ТӨР