Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг эгнээндээ нэгтгэдэг Монголын Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн ажилтны, Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооноос ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг 80.000 төгрөгөөр, сар шинийн баярын өмнө 23 хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардлаа. Учир нь саяхан хуралдсан Үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалин хөлсийг хоёр үе шаттайгаар 2008 оны төвшинөөс хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд гарын үсэг зурсан юм байна. Гэтэл Засгийн газар энэхүү шийдвэрээсээ ухран 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80,000 төгрөг, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсон тул ийнхүү эсэргүүцлээ илэрхийллээ. Шаардлагын хариуг энэ сарын 9-ний дотор ирүүлээгүй тохиолдолд ирэх пүрэв гаригт улс даяар жагсаал, цуглаан хийх юм байна.
Д.Оюун